Монголын тал нутгаас дэлхийн тайзнаа гарч, “Хүннү рок” урсгалыг тунхаглагч “Hu” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тэд шинэ цомог болон содон уран бүтээлүүдээрээ сонсогчидтойгоо уулзахаар зэхэж буй юм.
Тодруулбал, тус хамтлагийнхан энэ зун “Hun” нэртэй шинэ цомгоо гаргаж, Улаанбаатар хотноо хамгийн том шоу тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэд цомгийнхоо нээлтээс өмнө “The men” болон “Warrior chant” хэмээх бүтээлээр фенүүддээ бэлэг барьсан бөгөөд эдгээр дуу нь хоёр долоо хоногийн дотор стриминг платформуудад хэдийн нэг сая давсан хандалт аваад байна. “Hun” цомог албан ёсоор худалдаанд гарахаас өмнө сонсогчдыг дахин олон шинэ бүтээл хүлээж байгааг эл хамтлагийнхан онцоллоо.
“Hu” хамтлагийнхан 2016 оноос хойш өдийг хүртэл дэлхий даяар 440 гаруй удаа тоглолт хийж, дуунууд нь стриминг платформуудад 900 сая шахам хандалт авчээ. Энэ нь Монголоор тогтохгүй Азийн уран бүтээлчдийн дунд ховор тохиох өндөр амжилт юм. Тэд “Gereg” хэмээх анхны цомгоо 2019 онд гаргасан нь “Billboard”-ын “Hard rock” чартыг борлуулалтаараа тэргүүлж, Монголын хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Мөн онд “Yuve yuve yu”, “Wolf totem” зэрэг бүтээл нь юүтүб болон “Billboard”-ын рок дууны чартад зэрэг багтсан юм. Эдгээр амжилтаараа тэд тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардсан анхны хамтлаг болсон түүхтэй.
Э.Сондор