Дэлхийн том компаниуд хиймэл оюун ухааны загваруудыг ажиллуулахын тулд тусгайлан өгөгдлийн төвүүд байгуулж эхэлжээ. Үүнд зориулан мэргэжилтнүүд тооцооллын системд ашиглах шинэ боломжуудыг судалж байна. Тэгвэл Австралийн Мельбурний стартап “Cortical Labs”-ын өгөгдлийн төвд хү ний тархины эсүүд дээр код ажиллуулах боломжтой төхөөрөмж бүтээсэн нь дэлхийд анхдагч болсон талаараа мэдээлжээ. Лабораторийн нөхцөлд ургуулсан мэдрэлийн эсүүдийг цахиурын техник хангамжтай хослуулан боловсруулсан CL1 хэмээх систем нь мэдрэл судлал, өвчний загварчлалаас эхлээд робот техник, хиймэл оюун ухаан хүртэлх боломжуудыг судлахад шинэ гарц олгох аж. Үүдэл эсээс мэдрэлийн эсүүд ургуулаад, цахилгаан дохио илгээж, чип дээр байрлуулснаар уг систем ажилладаг.
Тус компанийн Шинжлэх ухааны хэлтсийн захирал Бретт Ж.Каган “Euronews Next”-д өгсөн ярилцлагадаа “CL1 нь хэрэглэгчдэд цахилгаан дохиог оролт болгон илгээж, эсүүд бодит цаг хугацаанд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг хянах замаар мэдрэлийн эсүүдтэй шууд харилцах боломж олгодог. Уламжлалт тооцооллын системүүдийн нэгэн адил энэ нь цахиурын чип ашигладаг боловч эдгээр нь амьд мэдрэлийн эсүүдтэй харилцан үйлчилж, тэдэнд дохио дамжуулж, тооцооллын явцад тэдний хариу үйлдлийг уншдаг микроэлектродоор тоноглогддог. Уламжлалт цахиур дээр суурилсан компьютеруудаас ялгаатай нь систем маань амьд үлдэхийн тулд шим тэжээлээр баялаг шингэн орчин шаарддаг амьд эсийн өсгөврийг ашигладаг. Эдгээр модулиудын 120 орчим нь Мельбурн хотын жижиг өгөгдлийн төвийг тэжээж эхэлсэн. Бид өдгөө Мельбурн, Сингапурт системийн олон модуль байрлуулж, алсаас хандах боломжтой биологийн тооцооллын төвүүд байгуулахаар ажиллаж байна” хэмээжээ.
Э.Хана