Ливи улсаас Европыг зорьж явсан цагаачдын завь Италийн эргийн ойролцоо хөмөрч, 71 хүн сураггүй алга болжээ. Улаан өндөгний баярын өдөр буюу энэ сарын 4-5-нд гарсан уг ослын бүсээс аврагчид 32 хүнийг эсэн мэнд гаргаж, хоёр цогцос олсон аж. “Mediterranea Saving Humans” болон “Sea-Watch” байгууллагын мэдээлснээр тухайн цэгийн ойролцоо зорчиж явсан худалдааны хоёр хөлөг онгоц эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байна. Аврагдсан хүмүүсийг Италийн эргийн хамгаалалтын албанд хүлээлгэн өгч, Лампедуза арал дахь хүлээн авах төвд шилжүүлсэн гэнэ. Осолдсон завин дээр нийт 105 зорчигч байсныг амьд үлдсэн иргэд мэдүүлсэн байна.
Тус улсын Дотоод хэргийн яам болон холбогдох албанаас одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй ч Газар дундын тэнгисийн төв хэсэгт цаг агаар тогтворгүй байгаа нь Хойд Африкаас Европ руу чиглэх цагаачдын аюулгүй байдалд эрсдэл учруулсаар буй юм. Түүнчлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээллээр энэ он гарснаас хойш тус бүс нутагт 683 хүн амиа алдаж, сураггүй болсон нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг аж. Тиймээс хүмүүнлэгийн байгууллагууд Европын орнуудыг эрэн хайх, аврах төвлөрсөн тогтолцоо бүрдүүлж, аюулгүй зорчих сувгийг нээх шаардлагатайг дахин анхааруулжээ.
Э.Сүйлэн