Нийслэлийн хэмжээнд энэ жил 5000 гаруй тонн мах нөөцөлж, хугацаанаас нь өмнө буюу нэгдүгээр сарын 20-ноос борлуулж эхэлсэн билээ. Одоогоор 380 гаруй цэгээр хонины махыг 13, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдаж байна. Иргэдийн хувьд махны чанарт сэтгэл хангалуун ч хүртээмж хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйг албаныхан хэллээ. Тухайлбал, дэлгүүрүүд хөлдөөгчийн багтаамжаас шалтгаалаад нэг удаадаа 100-120 кг мах татан авдаг ч гурав хоногийн дотор дуусдаг аж.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн оршин суугчдыг хүнсээр тасралтгүй хангах зорилгоор тавдугаар сар хүртэл 3000 тонн махыг хоёр үе шаттай борлуулахаар төлөвлөсөн. Тиймээс хүртээмжийн хувьд харьцангуй тогтвортой байна гэж ойлгож болно. Борлуулалтыг эрчимжүүлэх хүрээнд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, есөн дүүргийн 204 хороогоор дамжуулан иргэдийг мэдээллээр шуурхай хангана” хэмээв.
Э.Сондор