Дэлхийн эрүүл мэндийн өдөр өчигдөр тохиолоо. ДЭМБ нь 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсан бөгөөд 1950 оноос хойш жил бүрийн эл өдрийг тэмдэглэж ирсэн.
Уг өдрийг жил бүр тодорхой уриан дор зохион байгуулж, тухайн цаг үед дэлхий нийтэд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай. Өнөө жил “Эрүүл мэндийн төлөө хамтдаа шинжлэх ухааны талд зогсъё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэхийг уриалав. Тухайлбал, Улсын хоёрдугаар төв эмнэлгээс иргэдэд эрүүл, тэнцвэртэй хооллох, өдөрт багадаа 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх, стрессээ зохицуулж, хангалттай унтаж амрах, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах, хорт зуршлаас татгалзах зэрэг зөвлөмж хүргэжээ.
Эл өдөр хүн бүр өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах, энэ нь зөвхөн хувь хүний асуудал биш, дэлхийн нийтийнх гэдгийг сануулдаг билээ.
П.Дайриймаа