Монгол Улс 2026-2032 оны хугацаанд тогтвортой байдлын тодруулгын олон улсын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэх стратегийг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран боловсруулсан байна.
Төлөвлөгөөнд компанийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэм, засаглалын нөлөөллийг ил тод тайлагнах “IFRS S1 болон S2” стандартыг нэвтрүүлэхээр тусгажээ. Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын ил тод тайлагналын шинэ стандартыг нэвтрүүлснээр Монгол Улс олон улсын хөрөнгө оруулалт татаж, уур амьсгалын амлалтуудаа биелүүлэх, засаглалын ил тод байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэх ач холбогдолтойг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн онцоллоо. Эдгээр стандартыг эхний ээлжид банк, санхүүгийн байгууллагууд, төрийн өмчийн томоохон компаниудад нэвтрүүлж, улмаар 2032 он гэхэд 500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахаар төлөвлөсөн байна. Мөн тайлагналын системийг цахимжуулж, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг зорьж байгаа аж. Стандартыг шинэчилснээр Монгол Улс тогтвортой байдлын тайлагналаар бүс нутагтаа тэргүүлэх боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын мөрдөж буй өнөөгийн хууль эрх зүйн орчинд тогтвортой байдлын тодруулгын стандартыг нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн ч албан журмаар мөрдөх шаардлагыг хараахан тусгаагүй байж. Одоо харин албан шаардлагыг шинээр бий болгож, хэрэгжүүлэхийн тулд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж болзошгүйг тайланд дурджээ.
Л.Ням