Богдхан уулын дархан цаазат газраас 2023 онд Завханы Цагаанчулуут сумын Борхайрхан ууланд шилжүүлэн нутагшуулсан янгирын тоо толгой эдүгээ өсөж, тархац нутаг нь тэлсэн байна. Анх нэг тэх, нэг ямаа нутагшуулахдаа ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сансрын дохиолол суурилуулж нүүдэл, шилжилт, тархцыг нь өнгөрсөн хугацаанд судалж иржээ. Энэ хооронд сэргээн нутагшуулсан янгирын популяц амжилттай нутагшиж, тоо толгой нь тогтвортой нэмэгдсээр байгааг аймгийн Байгаль орчны газраас мэдээлсэн юм. Янгир нь өндөр уулын хад асга бүхий бартаатай орчинд нутагладаг, сүргээр амьдардаг онцлогтой амьтан. Одоогоор янгирын сүрэг Завханы Хангайн нурууны салбар уулс, хад чулуурхаг бүсүүдэд болон Тосонцэнгэл, Их-Уул, Завханмандалд тархан нутаглаж байгаа аж. Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах холбооны үнэлгээгээр янгир нь бүс нутгийн хэмжээнд “ховордож болзошгүй” ангилалд багтаж, хамгаалал, судалгааны ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлээд буй.
Түүнчлэн ховор амьтныг сэргээн нутагшуулах, генетик нөөцийг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хадгалах зорилгоор Хомын талд шилжүүлэн нутагшуулсан 26 тахь өдгөө 150 болсныг дээрх газраас мөн мэдээлсэн. Хом нь Завхан голыг даган орших өргөн уудам тал хээр бөгөөд ховор болон нэн ховор амьтдын амьдрах орчны чухал бүс нутаг юм. Байгалийн онцлог, экосистемийн ач холбогдлыг нь 2020 онд үнэлэн, улсын тусгай хамгаалалтад авч, улмаар Байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан байдаг. Тэгвэл 2025 онд олон улсын хэмжээнд үнэлэгдэж, Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн билээ.
М.Гэгээ