Европын Холбооны хил дамнасан нүүрстөрөгчийн зохицуулалтын механизм (CBAM)-ын хүрээнд олгодог гэр чилгээний үнийг Европын Комисс энэ сарын 7-нд анх удаа олон нийтэд танилцууллаа. Ингэхдээ 2026 оны эхний улиралд нэг тонн хүлэмжийн хийн ялгарлын үнийг 75.36 евро буюу 87.14 ам.доллароор тооцсон байна.
CBAM нь ган, хөнгөн цагаан, цемент зэрэг хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг бүтээгдэхүүний импортод ногдуулж буй дэлхийд анхдагч зохицуулалт юм. Энэхүү механизм нь импортын бараанд нүүрстөрөгчийн үнийг шингээх замаар зах зээлийн тэгш өрсөлдөөнийг хангах зорилготой аж.
Германы Байгаль орчныг хамгаалах газраас мэдээлснээр CBAM-ын нэг гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад ялгарсан нэг тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй дүйцэх “саарал ялгарал”-ыг илэрхийлдэг. Харин бараа үйлдвэрлэгч улсдаа нүүрстөрөгчийн татвар аль хэдийн төлсөн тохиолдолд давхар татвараас сэргийлэх үүднээс худалдан авах гэрчилгээний хэмжээг бууруулах боломжтой гэнэ.
Уг зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уур амьсгалын бодлого сул орнуудын үйлдвэрлэгчдээс үүдэх өрсөлдөөний дарамтыг бууруулж, Европын компаниудын ашиг сонирхлыг хамгаалах зорилготой. 2027 оны хоёрдугаар сараас импортлогчид 2026 онд оруулж ирсэн бараанд дүйцэх хэмжээний гэрчилгээг нөхөн худалдан авна.
CBAМ-ыг хэрэгжүүлснээр импортын барааны үнэ Европын дотоодын бүтээгдэхүүний үнэтэй ойролцоо түвшинд хүрнэ. Учир нь Европын үйлдвэрлэгчид байгаль орчны стандартыг мөрдөхтэй холбоотой зардлыг бүтээгдэхүүний үнэдээ аль хэдийн шингээсэн байдаг гэнэ.
Өмнө нь Франц, Итали, Хорват улс бордооны импортод ногдуулах CBAM-ын гэрчилгээг цуцлах санал дэвшүүлж байсан. Харин Европын Комисс 2026 онд CBAM-ын үнийг улирал тутамд, 2027 оноос эхлэн долоо хоног бүр шинэчлэн зарлахаар төлөвлөж буй бөгөөд 2026 оны хоёрдугаар улирлын тарифыг долоодугаар сарын 6-нд танилцуулах юм.
Э.Сүйлэн