AНУ 15 заалт бүхий энхийн төлөвлөгөө Иранд санал болгож, хэлэлцээрийн эхний шатыг эхлүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдлээ гэж өнгөрсөн сарын эцсээр Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байв. Гэтэл уг төлөвлөгөөг албан ёсоор иранчуудад өгөөгүй бололтой. Тэгтэл Израилын хэвлэлд 14 заалтын тухай материал нийтлэгдсэн аж. Түүнд цөмийн хөтөлбөрөөсөө болон холбоотнуудынхаа дэмжлэгээс татгалзах, пуужингийн тоо хүчин чадлаа хязгаарлах, Ормузын хоолойг бүрэн нээх гэх мэт баахан шаардлага Иранд тавьсан байна. Энэ бүхнийг биелүүлсний хариуд тавьсан хоригоо цуцлах, энхийн үйлсийн төлөө атомын салбарт хамтран ажиллахыг Вашингтон санал болгожээ.
Иранд саяхан очсон дорно дахиныг судлаач Руслан Сулейманов Ормузын хоолойн хувьд Ираны дипломатчид тохиролцоход бэлэн байна гэж ярьсан байна. Гэхдээ энэ нь асуудал шийдэгдсэн гэсэн үг биш бөгөөд эцсийн үгийг Исламын хувьсгалыг хамгаалах корпус хэлэх аж. АНУ-ын тавьсан шаардлагыг хэрээс хэтэрсэн, бодит байдлаас тасарсан гэж Иран үзэж буй юм. Тэгээд Вашингтоны шаардлагын хариуд Иран дахь дайнаа болон Ливан руу хийж буй Израилын довтолгоог зогсоож, Ираны цаашдын аюулгүй байдалд баталгаа өгч, дайны хохирлын төлбөрийг төлж, Ормузын хоолойг эзэмшихийг Иранд хүлээн зөвшөөрөхийг шаарджээ.
Иранчууд хэлэлцээ хийх гээд хоёр ч удаа бүтэлгүйтсэн Трампын бие төлөөлөгч Стив Уиткофф, хүргэн Жаред Кушнер нарт шүүмжлэлтэй хандаж байна. Тэд иранчуудтай уулзахдаа цөмийн эрчим хүчний шинжээч, үндэсний аюулгүй байдлын асуудлаарх Британийн Засгийн газрын зөвлөхийг орхисон мөртлөө өөрийн зөвлөхүүдийг авч очсон гэж “Guardian” сонинд бичжээ. Арабын орнууд болохоор тэднийг Израилын нөлөөний хүмүүс гэж үзсэн аж. Ялангуяа Кушнер нь Израилын Ерөнхий сайдтай дотно холбоотой, Беньямин Нетаньяху Нью-Жерсид тэдний гэрт хонож байсан гэж “New York times” сонинд бичжээ. Хэлэлцээ хийгчдэд тулгарч буй илүү төвөгтэй юм нь Ираны оюун санааны шинэ удирдагч Можтаба Хаменей өөрийн биеэр олны өмнө гарч ирэхгүй, шархадсанаас хойш эрүүл мэнд нь ямар байгаа нь тодорхой бус явдал аж. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкианыг хэлэлцээр хийхээр нөлөө бүхий этгээд гэж үзэхгүй байгаа юм. Урьд нь болсон хэлэлцээнд Гадаад хэргийн сайд Аббас Арагчи оролцсон ч эцсийн шийдвэр гаргаагүй гэж америкчууд үзэж байна. Хэлэлцээрт оролцож байсан нөлөө бүхий хүн болох Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Али Ларижани Израилын агаарын цохилтод өртөж гуравдугаар сард амиа алдсан юм. Америкийн хэвлэлүүд одоо парламентын дарга Мохаммад-Багер Галибафыг хэлэлцээр хийх боломжтой хүн хэмээн нэрлэж байна. Харин түүнийг АНУ-тай хэлэлцээ хийх тухай мэдээллийг Ираны тал үгүйсгэсээр буй юм.
Дайныг зогсоох тухай Трампын 15 заалт бүхий төлөвлөгөөг Ираны тал огт хүлээж аваагүй гэх мэдээллийн хажуугаар Пакистанаар уламжилсан уг шаардлагуудын ихэнхийг Иран хүлээн зөвшөөрсөн гэх Трампын үг хүмүүсийн толгойг эргүүлэх болов. Тэрбээр “Air Force” онгоцны бүхээгт сэтгүүлчидтэй уулзахдаа ийн мэдэгджээ. “Бид төлөвлөгөөний 15 заалтаас өөр ч хэд хэдэн зүйлийн талаар хүсэлт тавьсан” гэж тэрбээр хэлсэн байна. Түүгээр ч барахгүй энэ үйл ажиллагаанд ач холбогдол өгч буйгаа нотолж АНУ-д Иран нефть өгөхөөр болсон гэж Трамп ярьж байна. Энэ хүрээнд Иран нефть тээвэрлэсэн 20 хөлөг онгоц Америк руу илгээнэ гэсэн байх юм. Венесуэлд явуулсан үйлдэл шигээ ажиллагаа явуулж Ираны нефтийг өөрийн болгох хүсэлтэйгээ ч Трамп нуусангүй. Трампын санаархлыг биелүүлэхэд дөхөм үзүүлэхийн тулд 10 мянган цэрэг нэмэлт хүч болгож илгээх явдлыг Пентагон авч үзэхээр зэхэж байгаа гэнэ.
Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменей хэрэв амьд мэнд байгаа бол улс орныхоо төлөө ухаалаг алхам хийх, тухайлбал, бууж өгөх ёстой гэж Трамп мэдэгдлээ. Ирантай тохиролцох тухайд тэрбээр сэтгүүлчдэд дэлгэхийг хүсээгүй ч Ираныг цөмийн зэвсэгтэй болох оролдлогоос нь бүрэн татгалзуулах ёстой гэж үздэгээ хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээс дүгнэвэл Ираны нефтийн экспортын гол цэг болсон Хаарк аралд АНУ цохилт өгч ихэнх хэсгийг нь сүйтгэж орхисон бөгөөд цохилтыг үргэлжлүүлэхээс ч буцахгүй бололтой. Энэ хооронд Иран ч Персийн булангийн орнууд болон Израилд дрон, пуужингаар довтолсоор байна. Ираны нисгэгчгүй 26 төхөөрөмжийг Саудын Араб, таван төхөөрөмжийг Кувейт устгасан гэх мэдээлэл бий.
Энэ хямралыг намжаах нэг нөхцөл болгож атомыг энхийг үйлсэд зориулах эрхийг нь хүндэтгэхийг Иран шаардав. Дайныг зогсоох нөхцөлүүдийн нэг Персийн буланд тогтвортой энх амгалан тогтоох явдал гэж Иран үзэж буй аж. Тэгтэл Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд АНУ өөрийн JASSM-ER далавчит пуужингийнхаа ихэнх хэсгийг Ойрх Дорнод руу илгээчихээд байгаа юм. Энэ зэвсэг нь “Агаар-газар” ангиллынх бөгөөд тусгал сайтай, 965 километрээс хол зайд ч хүрэх чадалтай юм байна. Нэг пуужин нь 1.5 сая орчим ам.долларын үнэтэй. Энэ ташрамд дурдахад, хоёрдугаар сарын 28-наас хойш Ираны эсрэг цохилт өгөхөд довтолгоонд АНУ 42 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа гэх мэдээлэл бий. Венесуэлийн Ерөнхийлөгчийг хулгайлж авахдаа АНУ ийм пуужин 47-г ашигласан байна. Америк Ираны эсрэг цохилт өгөхөд дөрвөн долоо хоногт “Tomahawk” далавчит пуужин 850 гаруй нэгжийг зориулжээ. Ираны Агаараас эсэргүүцэн хамгаалах тогтолцооны нь үлэмж хэсгийг устгасан гэж АНУ, Израилын мэдээлж буй ч энэ эвслийн хүлээсэн хохирол бас багагүй. Америкийн сөнөөгч, бөмбөгдөгч онгоц, нисдэг тэрэгнүүд, нисгэгчгүй төхөөрөмжүүдийг нь Иран устгасаар буй. Иран баллистик пуужин 1600 гаруйг, 4000 орчим камиказе-дрон “Шахед”-ыг харважээ.
Дональд Трамп Ираныг ойрын 2-3 долоо хоногт “Чулуун зэвсгийн үед нь” буцааж аваачна хэмээн заналхийлсэн. Хуурай замын хүчнээ тийш нь аваачсан нь энэ мэдэгдэлтэй нь холбоотой юм. Тэгвэл Ираны дэд бүтэц рүү АНУ цаашид довтолбол “тамын хаалга”-аа нээнэ гэж Ираны армийн төв штабын командлагч Али Абдоллахи Алиабади анхааруулсан. “Дайн өргөжвөл бүс нутаг бүхэлдээ та нарт там болно. Ираныг ялах мөрөөдөл чинь та нарыг залгих намаг балчиг болж хувирна” гэж Төв штабын төлөөлөгч Эбрахим Золфагари мэдэгдэв.
Ираны дээд удирдагчийн зөвлөх нь бүснутагт нь харанхуй нөмрөхөөс өмнө байдлыг намжаахыг Арабын орнуудын удирдагчдад уриалжээ. Али Акбар Велаяти гэх энэ хүн Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгүүлэхгүйн тулд Трампад нөлөөлөхийг хүссэн байна. Трамп заналхийллээ хэрэгжүүлэх гэж оролдвол Иран хариу цохилт өгнө гэж Велаяти хэлжээ. Эцэст нь өгүүлэхэд, тухайн үедээ монголчууд эзлэн түрэмгийлэхдээ Ираны томоохон хотыг сүйрүүлж, дэд бүтцийнх нь ихэнх хэсгийг, номын сан, соёлын төвүүдийг нь үрэн таран хийсэн байдаг. Трамп, Нетаньяху нар яг ийм үйлдэл хийж, их сургууль, шинжлэх ухаан, соёлын төвүүдийг устгаж байна гэж Өмнөд Африкт суугаа Ираны ЭСЯ-ны мэдээлэлд өгүүлж байсан. Хоорондын дайнаа зогсоох саналыг Пакистан боловсруулж Иран, АНУ-д өгсөн байна. Хоёр үе шаттай энэ саналд тус улсууд эвлэрвэл Ормузын хоолойг нээх боломжтой гэжээ. Үүнд түр зуурын эвлэрлээр Ормузын хоолойг нээх солилцоо хийхгүй гэж Иран мэдэгдсэн байна. Трамп ч энэ саналыг дэмжсэнгүй. Ираны тал болохоор галыг эгнэгт зогсоож, АНУ, Израилын зүгээс дахин довтлохгүй баталгааг л нэхэж буй аж.
Дональд Трамп Цагаан ордонд болсон нэгэн арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ дайныг 45 хоног завсарлуулахыг санал болгоод үүнийгээ тун чухал алхам гэж тодруулжээ. Исламын хувьсгалыг хамгаалах корпусын тагнуулын албаны командлагч Мажид Хадемийн амийг хөнөөсний хариуцлагыг Израилын Батлан хамгаалах яам, арми нь хүлээжээ. 2025 оны зургаадугаар сарын эцсээр уг албыг хашиж байсан Мохаммад Каземи Израилын цохилтод өртөж амиа алдсаны дараа Хадеми энэ ажилд томилогджээ.
Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд хэсэгт Израил цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж буйгаа ЦАХАЛ (Израилын арми)-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Өнгөрсөн ням гаригт л гэхэд Ливанд 11 хүн амь үрэгдэж, өнгөрсөн сарын 2-ноос хойш Израилын цохилтод өртөж 1461 хүн амиа алдсаныг Ливаны эрх баригчид мэдээлсэн байх юм. Ираны “Tasnim” агентлагийн мэдээлснээр Израилын арми цахилгаан, ус, хүчилтөрөгчөөр хангадаг “Өмнөд Парс” хэмээх цогцолборт цохилт өгчээ.
Р.Жаргалант