Монголын оюутны спортын VII их наадмыг өнгөрсөн гуравдугаар сарын 6-наас ирэх сарын 8-ныг хүртэл Улаанбаатар хотод спортын 14 төрөлд зохион байгуулж буй. Хоёр жил тутамд болдог уг наадмын тэмцээнд тү рүүлж, медаль хүртсэн тамирчдыг ирэх жил болох дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад”-д оролцуулах аж. Их, дээд 31 сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдсөнөөс гүйлтийн цана, ширээний теннис, таеквондогийн спортын медальтнууд тодорчээ. Ширээний теннисний тэмцээнд их, дээд 17 сургуулийн эрэгтэй 43, эмэгтэй 29, нийт 72 тамирчин ур чадвараа сорьсноос эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд СЭЗИСийн оюутан Б.Болор-Эрдэнэ, эрэгтэйчүүдээс АШУҮИС-ийн оюутан М.Манлайжаргал, холимог хосын төрөлд МУБИС-ийн оюутан Ө.Балжинням, Б.Энхтөгөлдөрбаясгалан нар аваргаар шалгарлаа. Байгууллагын нэгдсэн дүнгээр Ч.Цогтбаяр дасгалжуулагчтай МУБИС, П.Мөнхзул дасгалжуулагчтай АШУҮИС, М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг эхний гурван байрыг эзэлсэн юм. Тус наадмын нээлтийн ёслол өнгөрсөн мягмар гарагт болоход галт бамбарыг ҮБТИС-ийн III дамжааны оюутан Т.Түмэнжаргал асаав.
Таеквондогийн тэмцээнд 17 сургуулийн 84 тамирчин Дотоод хэргийн их сургуулийн спорт зааланд хоёр өдөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан. Эл төрөлд оролцсон тамирчдаас “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль, “Таеквондо академи”-ийн багш, дасгалжуулагч Л.Бадам, Б.Золжаргал нар жиндээ тэргүүлэгч нь байлаа. Мөн МУИС-ийн Бизнесийн сургуулийн биеийн тамирын тэнхмийн ахлах багш Н.Галбадрахын удирдлагад оролцсон багаас эмэгтэйчүүдийн 49 кг-д Э.Сарангоо хүрэл, 57 кг-д А.Буяндэлгэр мөнгө, 67 кг-д С.Анударь, +67 кг-д Г.Гэгээнтавилан хүрэл медаль хүртэж, байгууллагын дүнгээр тус сургуулийнхан IV байрт оров.