НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн энэ сарын хуралдаанаар Монгол Улсыг НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүн улсаар сонгожээ.
Статистикийн комисс гэдэг нь статистикийн салбарын олон улсын хамгийн дээд түвшний байгууллага бөгөөд гишүүн орнуудынхаа статистикийн тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандарт, ангилал, аргачлал батлах, хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Тиймээс гишүүнээр сонгогдсоноор олон улсын статистикийн бодлого боловсруулахад оролцох, шинэ стандарт, аргачлал гаргахад хувь нэмэр оруулах, үндэсний статистикийн системийн хөгжлийг дэлхийн түвшинд уялдуулах, туршлага солилцох, чадавхаа бэхжүүлэх боломж бүрдэх аж. Цаашид манай улс НҮБ-ын Статистикийн комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хэмжих, тоон мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах, өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, уламжлалт бус мэдээллийн эх үүсвэр, хиймэл оюун ашиглах чиглэлд бодит хувь нэмрээ оруулахыг зорьж ажиллана гэдгээ Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
С.Цэрэн