Японы парламент 2027 оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилийн төсвийг 122.3 их наяд иен буюу 765 тэрбум орчим ам.доллароор баталсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Парламентын дээд танхимын Төсвийн хороо хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн санал тэнцжээ. Улмаар тус хорооны дарга Фүжикава Машахито бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжсэн санал өгснөөр эл төсвийг уржигдар баталсан байна. Үүний дараа хуулийн төслийг дээд танхимын нэгдсэн хуралдаанд өргөн барьж, Либерал-ардчилсан нам, Японы Сэргэн мандалтын, Консерватив нам болон бусад улс төрийн хүчний дэмжлэгтэйгээр эцэслэн баталсан юм. Ингэснээр 2015 оноос хойш анх удаа шинэ санхүүгийн жил (дөрөвдүгээр сарын 1) эхэлсний дараа улсын төсвийг баталсан тохиолдол боллоо.
Үндсэн хуулийн ардчилсан намын гишүүн Моримото Шинжи санал хураалтын өмнөх хэлэлцүүлгийн үеэр эрх баригч эвслийг доод танхимын Төсвийн хороонд хатуу арга барил хэрэглэж, хэлэлцэх хугацааг эрс богиносгосон хэмээн шүүмжилж, уг төслийг дэмжих боломжгүйг мэдэгдсэн юм. Харин Либерал-ардчилсан намын гишүүн Хасэгава Гакү Ойрх Дорнодын хямрал ард иргэдийн амьдрал, үндэсний эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг онцолж, төсөвт нөөц сан байгуулах болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн зардлуудыг тусгах шаардлагатайг тайлбарлажээ. Энэ удаагийн төсвийн дийлэнх хэсэг буюу 39 их наяд иенийг хүн амын хөгшрөлттэй холбоотой нийгмийн хамгааллын зардалд, харин 8.98 их наяд иенийг батлан хамгаалах чадавхыг сууриар нь бэхжүүлэхэд тус тус төлөвлөсөн байна.
У.Сүрэн