Корнеллийн их сургуулийн герман хэлний багш Матиас Фелпс хиймэл оюуны хэрэглээ хэт нэмэгдэж буйд санаа зовниж, улмаар оюутнуудынхаа сэтгэн бодох болон бичгийн чадварыг нь хамгаалах нэгэн өвөрмөц шийдэл туршиж эхэлжээ. Тэрбээр хичээлийнхээ хүрээнд оюутнуудаас компьютер, таблет биш, харин хуучны бичгийн машин ашиглан даалгавраа хийхийг шаардах болсон байна. Ингэснээр даалгавраа хиймэл оюунд даатгах бус, өөрсдийн бодол сэтгэхүйн үйлдэл, хэл найруулгадаа найдан, бие дааж гүйцэтгэхэд түлхэц өгнө гэж үзжээ.
Сүүлийн жилүүдэд ChatGPT зэрэг хиймэл оюуны хэрэгслүүд өргөн хэрэглээнд нэвтэрснээр багш нар оюутнуудын бичгийн ажлыг үнэлэхэд хүндрэлтэй болж байгаа талаар боловсролын салбарынхан анхааруулж буй. Зарим тохиолдолд оюутнууд бүтэн эсээг AI-аар би чүүлж, өөрийн бүтээл мэтээр хүлээлгэн өгдөг нь академик ёс зүйн асуудал үүсгэсээр байна. Ийм нөхцөлд аналог буюу дижитал бус арга руу эргэн хандах нь илүү үр дүнтэй гэж герман багш үзжээ. Бичгийн машин дээр ажиллах үед оюутнууд текстээ урьдчилан сайтар бодож боловсруулдаг, засвар хийх боломж хязгаарлагдмал тул илүү төвлөрч, хариуцлагатай бичих шаардлагатай болдог аж.
Оюутнуудын зарим нь эхэндээ энэ аргыг төвөгтэй, цаг их шаардсан гэж үзсэн ч аажмаар өөрсдийнх нь бичгийн ур чадвар сайжирч байгааг анзаарсан байна. Мөн анхаарал сарниулах дижитал орчноос холдож, илүү гүн төвлөрөх боломж бүрдсэн гэж тэд ярьжээ. Гэсэн хэдий ч боловсролын мэргэжилтнүүдийн хувьд AI-ийг бүрэн хориглох нь шийдэл биш, харин хэрхэн зөв, ёс зүйтэй ашиглахыг заах нь илүү чухал гэж үзэж байна. Тиймээс ийм төрлийн туршилтууд нь технологийн эрин үед сургалтын арга барил хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах нэг жишээнд тооцогдох болов.
Л.Ням