Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлд ашигладаг химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан хамтран 72 сарын хугацаанд хэрэгжүүлэх аж. Энэхүү төсөл нь олон улсын байгаль орчны хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд манайх найм дахь орон нь болон сонгогджээ.
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Хөвсгөл, Өвөрхангай аймагт төслийг хэрэгжүү лэх бөгөөд үүний хүрээнд ноос, ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээн дэх аюултай бодисын хэрэглээг бууруулж, тойрог эдийн засагт суурилсан тогтвортой үйлдвэрлэлийг дэмжинэ гэв. Ингэснээр байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл үлэмж багасах ач холбогдолтой.
Мөн ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлээс ялгардаг хог хаягдлыг багасгах, дахин ашиглах шийдлийг 9R технологийн дагуу нэвтрүүлэх гэнэ. Түүнчлэн химийн хорт болон аюултай бодисын тооллогыг энэ онд багтаан хийхээр тогтсон байна. Төслийн үр дүнд 573.8 мянган тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, байгальд удаан задардаг органик бохирдуулаг чийн хэрэглээг танах зорилт дэвшүүлжээ. Сонирхуулахад, энэхүү төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон Стокгольмын конвенцын хэрэгжилтийг хангахад чухал дэмжлэг үзүүлнэ гэдгийг албаныхан онцолсон.
О.Ундрах