БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрынхан нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж буй билээ. Энэхүү шалгалт нь авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой аж. Тэгвэл уг хяналт шалгалтын явцад аюултай хог хаягдал болох техникийн ашиглалтаас гарсан тос, тосолгооны материалыг зориулалтын бус газар хаясан, цуглуулсан байж болзошгүй, үүнээс болж их хэмжээний химийн бодист асгарч, хөрсний бохирдол үүсгэсэн байсныг илрүүлжээ.
“Энэхүү үйлдэл нь байгаль орчинд ноцтой хохирол учруулаад зогсохгүй холбогдох хууль, журам мөрдөөгүй, гэмт хэргийн шинжтэй зөрчил юм. Иймд бид харьяаллынх нь дагуу цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Мөн бохирдол үүссэн газраас хөрсний дээжүүд авч, лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ. Машин, техникийн ашигласан тос, масло нь “Аюултай хог хаягдлын ангиллын жагсаалт”-ын 13-д бичигдсэн байдаг. Ашигласан тосонд агуулагдах хүнд металл, органик нэгдлүүд нь хөрсний үржил шимийг бууруулж, ус бохирдуулах замаар экологийн доройтол үүсгэдэг. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд аюултай хог хаягдлыг зориулалтын газарт нь хаяж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсье” хэмээн БОУАӨЯ-наас анхааруулав.
О.Оргилох