Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн зорилтын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Ялангуяа мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг байгальд ээлтэйгээр хөгжүүлэх, боловсруулалтын түвшнийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар болсон. Үүний хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сараас Говьсүмбэр аймгийн Баянтал сумд “Баянтал” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар төлөвлөн, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эхлүүлсэн. Тэгвэл одоогоор тус паркийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Түүнчлэн тус паркийн бүтээн байгуулалтыг 15 жилийн дотор дуусгаж 200 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх аж. Ингэснээр 10 000 ажлын байр бий болж, 20 000 гаруй хүний суурьшлын бүс байгуулагдах гэнэ. Эдгээрийг дагалдан орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн нэгдсэн үйлчилгээ, худалдаа, үйлчилгээний цогцолбор босох юм байна. Мөн дээрх парк хил дамнасан худалдаа, үйлдвэрлэл, хамтын ажиллагааны шинэ технологи нэвтрүүлж, GEDIS (Global еlectronic digital interchange system) платформыг ашигласан загвар орчин бүрдүүлэхээр төсөөлж байна.
С.Дулам