Хөдөө аж ахуй, газар тариалан, мах, ургамлын гаралтай болон дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Евразийн худалдааны түр хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор ХХААХҮЯ-наас гурван ажлын хэсэг байгуулжээ. Эл хэлэлцээрийн хүрээнд манай улсаас 367 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Казахстан, Беларусь, Армени, Киргизид татваргүй нийлүүлэх аж. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ төрөл, хэмжээг өсгөж чадвал экспортод томоохон дэмжлэг болох юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын бодлогыг Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгатай уялдуулан, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авахад бүрдүүлдэг материалыг цөөлж, шат дамжлагыг багасан, зарим дүрэм, журмаас чөлөөлөх хэрэгтэйг ХХААХҮ- ийн сайд Ц.Идэрбат санууллаа. “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлэхийг 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон харьяа агентлагуудын удирдлагад тэрбээр уриалсан байна.
С.Дулам