Эрүүл мэндийн яам, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ), Мал эмнэлгийн ерөнхий газрынхан хамтран Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, тэмцэх мэдээлэл харилцааны үндэсний стратеги боловсруулж, түүнийгээ танилцуулах хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгууллаа.
Энэ үеэр бичил биетний тэсвэржилтийн хүн, мал, амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл үлэмж нэмэгдсэнийг албаныхан онцолж, салбар хооронд нотолгоонд суурилсан арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатайг тодотгов. Мөн дэлхийн болон бүс нутгийн нөхцөл байдал, мэдээлэл, харилцааны стратегийн хэрэгжилт, хүн болон мал эмнэлгийн салбар дахь антибиотикийн зохистой хэрэглээг дэмжих арга замуудыг эрэлхийлжээ.
Стратегийг танилцуулсны дараа ДМАЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, тэмцэх мэдээлэл харилцааны үндэсний стратегийг албан ёсоор хүлээлгэн өгч, хэрэгжүүлэхээр тогтсон байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Батсүх энэ үеэр “ДМАЭМБ-аас 2026 онд бүсийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдэд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх тал дээр харилцан тохиролцсон” гэдгийг онцолсон юм.
О.Оргилох