УИХ дахь АН-ын бүлэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ-д ёс зүйгүй ааш авир гаргасан тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн талаараа мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаргийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн санаачилсан парламентын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан асуулт асуухад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал асуудалд хамаарахгүй зүйл хэлсэн юм.
АН-ын бүлгээс гаргасан шаардлагын талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу уншиж танилцуулав. Тэрбээр “УИХ-ын гишүүн Б.Жаргаланд зохистой хариулт өгөхийн оронд түүнийг илтэд гүтгэн доромжилсон үйлдэл гаргасан нь төрийн албаны ёс зүй, хууль дээдлэх зарчимд ноцтойгоор харшилж байна. Энэ нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.1.4, Зөрчлийн тухай хуулийн 15.33 дугаар зүйлд заасан парламентыг үл хүндэтгэх зөрчилд хамаарч байгаа. Иймд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. УИХ-ын гишүүд хэн нэгнээр шүүмж хэлүүлэхгүй гэж байгаа хэрэг огт биш. УИХ-ын гишүүнийг ёс зүйтэй байхыг шаардсан хуулийн төсөл өргөн барьж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйгүй үйлдэл, худал мэдээллээр УИХ-д хандаж болохгүй” гэв.
Мөн АН-ын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан намын бүлгийн хуралд 25 гишүүн оролцож, бүгдээрээ дэмжин, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан. Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно гэдэгт нэгдлээ. УИХын гишүүд одоогийн хуулиар эгүүлэн татах заалт байдаг. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Тэгвэл Ардчилсан парламентын тогтолцооноос ухарна” гэв.
Ч.Цэлмэг