Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 8.4 их наяд төгрөгийн 648 зөрчил илэрч, 612.9 сая төгрөгийн төлбөрийн акт тавьсныг Үндэсний аудитын газар мэдээллээ. Үүнээс 323 зөрчилд буюу 5.9 их наяд төгрөгт албан шаардлага, 2.4 их наядын дүнтэй 228 зөвлөмж, 612.9 сая төгрөгт төлбөрийн акт, 21 албан тушаалтанд хариуцлага тооцуулах шаардлага хүргүүлсэн бол таван асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шийдвэрлэжээ.
Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газраас хийсэн тайлангаа audit.mn цахим хуудсанд ил тод байршуулсан бөгөөд гурван байгууллага “сөрөг”, 48 компани “хязгаарлалттай” дүгнэлт авсан байна. Тухайлбал, аудитын дүгнэлтээр сөрөг үнэлгээ авсан БОУАӨЯ-ны хувьд сайд нь А/225 тоот тушаалаар “Ойжуулалт” хөтөлбөрийн хүрээнд “Хашаандаа таван мод тарья” аяныг зохион байгуулахад зориулж таван тэрбум төгрөг зарцуулсан нь төсөвт тусгаагүй, тооцоо судалгаагүй зардал байж. Түүнээс гадна тендер сонгон шалгаруулалтгүй 265 аж ахуйн нэгжтэй гэрээлсэн, тэдгээрийн 25 компани нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн, Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн зардлаас төсвийн төсөлд тусгаагүй, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд оруулж батлуулаагүй нэг тэрбум төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн зэрэг олон зөрчил илэрчээ. Тэгвэл төрийн өмчийн томоохон компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр нийт 5.3 их наяд төгрөгийн зөрчил илэрч, хязгаарлалттай дүгнэлт авсан аж.
Түүнчлэн МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар 178.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд орлогын төлөвлөгөө нь 98.2 тэрбумаар тасарч, 32.8 тэрбумын алдагдалтай ажилласан байна. Мөн Дулааны III цахилгаан станцын санхүүгийн тайланд 28.3 тэрбум төгрөгийн алдаа илэрснийг залруулах зөвлөмж өгсөн бөгөөд тус компани 2025 онд 209.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байсан нь өмнөх жилийнхээс 20 орчим хувиар өссөн үзүүлэлт хэрнээ 2.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байх юм.
Л.Аргамжин