УИХ дахь Үндэсний эвслээс өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулсан талаар мэдээлэв. Тэрбээр “УИХ дахь эмэгтэй гишүүд энэ сарын 13-нд уулзалт зохион байгуулсан. Нийт 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон. Гадаадад томилолттой, эмнэлгийн чөлөөтэй болон өөр уулзалт давхацсан гишүүдээс бусад нь хуралд ирсэн. Уулзалтаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн даргыг сонгосон. Үүнд УИХ-д суудалтай таван нам, эвслийн эмэгтэй гишүүдийн төлөөлөл миний бие А.Ундрааг бүлгийн даргаар сонгосон” гэв. Мөн тэрбээр 2028 оны УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг 40 хувь болгохоор хуульд тусгасан. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангаж ажиллахад бидний үүрэг их хэмээн тодотгов.
Түүнчлэн тус эвслээс Ерөнхийлөгчийн гуравдугаар сарын 9-нд УИХ-д өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга замтай санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэв. Мөн Үндэсний эвслээс УИХ-ын гишүүд төдийгүй төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлага, хяналтыг сайжруулах хуулийн төсөл боловсруулж буйгаа хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн УИХын гишүүд гэлтгүй төрийн өндөр албан тушаалтнуудад ч хариуцлага тооцох ёстойг сануулсан юм.
Ч.Болор