Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг, “Цамбагарав” үйлчилгээний төвийн хойно орших, хуучнаар “Өнөр” хорооллын 11 дүгээр байрны СӨХ-ны 65 настай эрэгтэй, 60 настай эмэгтэй хоёр ажилчны биед 20 гаруй настай залуу халдаж буй бичлэг фэйсбүүкээр цацагдсан. Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст мөрдөн шалгаж буй аж. Өнгөрсөн пүрэв гаргийн 11.20 цагийн үед цагдаагийн шуурхай мэдээллийн албаны утсанд “Хоёр ахмад настныг зодоод байна” гэсэн мэдээлэл ирсэн бөгөөд тухайн байрны оршин суугч болон ажилчдын хооронд маргаан үүсэж, оршин суугч эр ийнхүү бусдын эрүүл мэндэд халдсан гэнэ.
Өдгөө дээрх хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд хохирогчдод учирсан гэмтлийн зэргээс шалтгаалж эрүүгийн хэрэг үүсгэх үү, зөрчлийн хэргээр шийдвэрлэх үү гэдэг нь тодорхой болох аж.
Уг нь СӨХ-ны ажилчид хогоо ачуулахын тулд автомашины жолооч нарынх нь утсаар дуудаж тээврийн хэрэгслээ холдуулж өгөхийг хүссэн гэнэ. Гэвч тухайн залуу утсаа авахгүй байсан учраас АТҮТ-д хандан холбогдож, дээрх хүсэлтийг хэлсэн байна. Улмаар уг залуу ирээд дээрх СӨХны ажилчдад халдсан нь бичлэгт тодорхой үлджээ.