Унгарт энэ сарын 12-нд парламентын сонгууль болж, 16 жил Ерөнхий сайдаар ажилласан Виктор Орбаны “Фидес” нам халаагаа өглөө. Олонхын санал авсан намыг “Тиса” гэх бөгөөд түүний удирдагч нь Петер Мадьяр юм.
Тэрбээр 1981 онд Будапешт хотод төржээ. Мадьяр 2002-2024 онд Орбаны “Фидес” намд байж, 2010 онд засгийн эрхийг авахад нь Гадаад хэргийн яаманд ажиллаж байв. 2015 онд Ерөнхий сайдын засаг захиргаанд очив. 2024 онд “Тиса” (Хүндэтгэл, эрх чөлөөний нам) намаа байгуулж өрх тусгаарлав. Тус нам саналын хуудасны 98.9 хувийг тоолоод байхад 53 хувийн санал авсан байв. Урьдчилсан байдлаар парламентын 199 суудлын 138-ыг нь авахаар байлаа. Мадьяр 13-нд дэмжигчдэдээ хандахдаа “Унгарчууд эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж асуугаад хариултыг нь оллоо. Ажил хэргээ эцэст нь хүргэлээ” гэж хэлсэн байна. Түүний бодлоор Унгар улс Европт “За” гэж хэлж буй нь энэ аж. Еврокомиссын тэргүүн, хатагтай Урсула фон дер Ляйен энэ сонгуулийн дүнг “Унгар Европ руу хөтөлсөн замаа сэргээлээ” гэж тайлбарлав. Мадьярын ялалтыг Британийн Ерөнхий сайд Кир Стармер Унгарын төдийгүй Европын ардчилалын хувьд түүхэн үйл явдал гэж үнэлэв. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Фридрих Мерц, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Петр Мадьярт баяр хүргэв. Америкийн болон Оросын эрх баригчид сонгуульд Виктор Орбаныг дэмжиж байсан юм. Дональд Трамп Унгарын Ерөнхий сайдын суудалд Орбан үлдвэл эл улсын хөгжил цэцэглэлтэд тус үзүүлэхэд бэлэн гэж хэлж байв. Сонгуулиас нэг өдрийн өмнө Оростой, Путинтэй хэрхэн харилцахыг нь Мадьяраас сэтгүүлчид сонирхоход “Шаардлага гарсан тохиолдолд яриа хөөрөө хийнэ, харин анд нөхөд болохгүй” гэж хэлсэн байдаг.
Виктор Орбаны засаглалын 16 жилд Унгарын улс төр мананд хучигдсан намаг болж хувирсан бөгөөд үүнийг хатаах хаврын салхитай Мадьярыг дэмжигчид нь зүйрлэдэг юм байна. Мадьяр Унгарын нийгмийн дээд хэсэгт хамаарах гэр бүлээс гаралтай аж. Өвөө нь Дээд шүүхийн шүүгч, 1970-1980-аад оны хэвлэл, мэдээллийн салбарын нэртэй зүтгэлтэн, телевизийн нэрд гарсан хөтлөгч байв. Мадьярын эцэг, эх нь хуульч, тиймээс ч хүү нь эрх зүйн ухаан судлахаар их сургуульд орсон байна. 1996, 1997 оны үед ид хүчээ авч байсан “Фидес” намын тэргүүнтэй Мадьяр анх нүүр учиржээ. Орбан тэгэхэд Мадьярын сургууль дээр ирсэн аж. Саяхан либерал улс төрч гэгдэж байсан Орбан харсаар байтал “баруун тийш хэлбийж” байгаагийн учрыг Мадьяр лавлахад, тэрбээр Черчиллийн үгээр, залуудаа зүүний үзэлтэй байснаа нас ахиад ирэхээрээ консерватив болох нь хэвийн үзэгдэл гэж хариулсан нь залуугийн санаанд ихэд нийцжээ. Оюутан Мадьяр 2002 онд Орбаныг Парламентын сонгуульд ялагдахад ихэд харамсан, түүнтэй үзэл санаа нэгдмэл байгаагийн илрэл болгож “Фидес” намд нь элсэв. 2005 онд Мадьяр нэгэн үдэшлэг дээр 25 настай Юдит Варга гэж бүсгүйтэй танилцаж, хойтон жил нь тэд гэрлэв. Варга нь Европарламентын депутат унгар гаралтай Янош Адерын туслахаар ажиллахаар болж, 2009 онд Мадьярынх Брюссельд шилжиж ирэв. 2010 онд Виктор Орбан Унгарын улс төрд буцаж ирээд ирэх жил нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Унгарын ардчилалд ч өөрчлөлт орж байхыг Мадьяр Брюсселлиэс ажиглаж байлаа. 2018 онд Мадьярынх Будапештдээ буцаж ирж, Варга нь Орбаны засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн даргын алба хашив. Нэг жил өнгөрөхөд Варга Хууль зүйн сайдаар томилогдов. Энэ хугацаанд Мадьяр төрийн байгууллагад янз бүрийн алба хашиж явлаа. 2023 онд Мадьяр, Варга хоёр салав. Жинхэнэ удирдагчид нь эмэгтэй хүний банзлын араар нуугдсан тогтолцооны нэг хэсэг нь байж чадахгүй нь. “Би үндэсний, туурга тусгаар Унгар улс гэх үзэл санаанд итгэж явсан юм, гэтэл энэ бүхэн эрх мэдлийн “машин”-ы ажлыг нуух, асар их хөрөнгө хуримтлуулах гэсэн хоёр зорилгод чиглэсэн сайхан халхавч байсныг эргэлтгүй ойлголоо” гэж мэдэгдээд Петер Мадьяр ч төрийн өмчийн компанид хийж байсан ажлаа орхив. Үүгээр тэрбээр Унгарын эрх мэдлийн тогтолцоо авлигажиж буйг шүүмжилсэн аж. Варгагаас салахаасаа хоёр сарын өмнө 2023 оны эхээр гэргийтэйгээ хийсэн яриагаа өөрт нь мэдэгдэлгүйгээр бичиж авчээ. Хууль зүйн сайд гэргий нь тэгэхэд Унгарын эрх баригчид мафийн тогтолцоонд орж, түүнээсээ гарах боломжгүй болсныг нөхөртөө хэлсэн байв. Энэ бичлэгийг олны сонорт хүргэсний дараа “Одоо бичлэгийг тэрбээр (Мадьяр) өөрийн улс төрийн зорилгодоо ашиглаж байна. Би гурван хүү бэлэглэсэн, хүчирхийллийн аймшигтай он жилүүдэд бүхнийг шинээр эхлүүлэх тоо томшгүй олон боломжийг хайр, итгэлтэйгээ хамт өгсөн хүн маань ийм юм хийж байна шүү дээ” гэж Варга фэйсбүүк хуудсандаа бичсэн байв. Гурав хоногийн дараа Мадьяр үүнд хариулахдаа, 18 жилийн хугацаанд үзсэн туулснаа ер үгүйсгэхгүй, би хүүхдүүдийнхээ эх өөд хэзээ ч гар далайж байгаагүй, харин тэр над руу олон удаа заримдаа хүмүүсийн хажууд, хаалганы цаана гараа ч, хөлөө ч өргөж байсан” гэж бичжээ. Эрх баригчид нэр төрийг нь гутаах кампанит ажил өрнүүлснийг Мадьяр тусад нь мэдэгдсэн байна. Мадьярт хэрхэн ханддаг тухай Виктор Орбанаас асуухад “Би улсаа удирдах ажил хийдэг болохоос савангийн дууриар гоочилдоггүй” гэж хариулсан байна.
2024 оны зун болох сонгуульд олон түмэндээ танил болсон Мадьяр оролцох бодолтой байсан ч намаа байгуулж амжсангүй. Тэгээд дараагийн сонгуульд “Тиса” намаас нэрээ дэвшүүлж оролцохоо зарлажээ. Ингээд тус намын дараагийн зогсоол нь 2026 оны сонгууль, Мадьярын зорилго нь Ерөнхий сайдын суудал болов. Петер Мадьяр шинэ сонгуулийн өмнөх ажлаа өнгөрсөн онд эхлүүлжээ. Өдөрт хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж байлаа. Виктор Орбан төдийлөн гайхуулахаар амжилт олоогүй эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн салбарт онцгой анхаарав. Авлигын эсрэг тэмцэхэд бүр ихээхэн санаа тавив. Цагаачлалын хатуу бодлого баримтлах, аль 2002 онд “Фидес” намын баримталж байсан үнэт зүйлийг тээгч байх гол байр сууриа баримтлахаа илэрхийлж байв. Тэрбээр бизнесээс гаралтай хүмүүсээр багаа бүрдүүлж, Унгарын ирээдүйн Засгийн газрыг тэд бүрдүүлнэ гэж үзэж байлаа. Гэхдээ сонгуульд Мадьяр амжилт олсон гол хүчин зүйл нь мэдээж өөрчлөлт хийнэ гэсэн олон зуун мянган унгарчуудын найдвар байв. Улс орны амьдралын бүхий л салбарт түүний амласан суурь өөрчлөлтүүд хэрэгжинэ гэдэг тусдаа асуудал юм.
Засагласан 16 жилдээ Виктор Орбан хөшүүн царцанги болгосон Унгарын улс төрийн тогтолцоог задлахын тулд парламентын гишүүдийн гуравны хоёрын суудлыг авах нь чухал. Мадьяр засгийн эрхийг авснаар УкрайнУнгарын харилцаа одоогийн гүн хямралаасаа гарна гэж Киев итгэж буй. Гэтэл Унгарын өнөөгийн нийгэм Виктор Орбаны явуулсан Украины эсрэг суртал нэвтрүүлэгт бүрэн автчихсан байгааг Мадьяр анхааралдаа авахаас аргагүй. Түүнээс гадна эрх баригчид нь түүнийг гэр бүлээсээ, намаасаа, эрх орноосоо урвасан гэж үзсээр ирсэн байдаг. Түүгээр ч барахгүй түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг завдаж байв. 2024 оны зун Будапештийн шөнийн клубийн нэгэнд Мадьяр хөлчүүдээ бүжиглэж байгаа зургийг нь авах гэсэн нэг нөхрийн харилцуур утсыг нь булааж аваад Дунай мөрөн рүү шидэж орхижээ. Унгарын ерөнхий прокурор үүний улмаас түүнийг хариуцлагад татах гэхэд нь эрх баригчдынхаа авлигын хэрэгт хууль сахиулагчид ингэж шуурхай хандаж мөрдөн шалгадаг болоосой гээд хэлчхэж. Эцэст нь Европарламент түүний депутатын эрхийг цуцлахаас татгалзсанаар энэ хэрэг явдал намжсан байна. Гэлээ ч Мадьярын эсрэг чиглэсэн эрх баригчдын хандлага зогссонгүй. Мадьярыг мэдэх нөхөд нь түүнийг Орбаныг огцруулсан Мажарын шинэ удирдагч Мадьяр өөрийнхөөрөө зүтгэдэг, ихэрхэг зантай, амиа хичээсэн хүн гэж үнэлсэн байх юм билээ. Ажиглагчдын үзэж буйгаар Мадьяр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд их болгоомжтой хандаж, багийн олонх гишүүдээ сэтгүүлчдээс хөндий байхыг үүрэг болгож иржээ.
Парламентын сонгуульд ялсныхаа дараа Мадьяр Украин улс Оросын түрэмгийллийн золиос болж байна гэж үздэгээ илэрхийлээд, хэрэв Путинтэй утсаар яривал дайнаа зогсоохыг түүнд уриалахаа амласан байна. “Дөрвөн жил үргэлжлүүлж буй утга учиргүй дайнаа зогсоо. Олон зуун мянган орос хүний амь үрэгдэж, гэр бүл нь сүйрлээ. Украины орос хэлээр ярьдаг хүмүүсийг алж, хот сууринг нь бөмбөгдөж, хүчирхийлж байна гэж би түүнд хэлнэ. Миний зөвлөгөөг тэр авахгүй байх гэж эмээж буй ч түүнийг дайнаа зогсооход хүргэнэ гэж найдаж байна” гэж Мадьяр хэлжээ. Украин дахь дайны тухайд Москвад байсхийгээд очиж, Путинтэй хэлхээ холбоотой байдаг Виктор Орбанаас огт өөр юм. Тухайлбал, Украин улс, Ерөнхийлөгч Зеленскийг нь Орбан өөрийн сонгуулийн өмнөх сурталчилгааны гол баатар болгож, Украины эрх баригчид Унгарыг дайндаа татан оруулж, сүйтгэхийг эрмэлзэж байна хэмээн ярьж байжээ. Орбаны удирдсан Унгарын Засгийн газар Украинд цэргийн ямар ч тусламж үзүүлж байгаагүй төдийгүй Европын Холбооноос үзүүлэх дэмжлэгт саад тээг болсоор иржээ. Оросын эсрэг тус холбооны тавих хоригт ч саад хийж байв.
Унгар болон зарим улсыг Украиныг санхүүжүүлэхэд оролцохгүй байхыг Европын Холбоо зөвшөөрч, Мадьяр ч зээлийн талаар Унгар үүрэг авахаар төлөвлөхгүй хэмээн хэлжээ. Украиныг Европын Холбоонд элсүүлэхийг яаравчлахыг Унгар дэмжихгүй гэдгээ Мадьяр эхнээсээ л хэлж байв. Тэрбээр дайны байдалд байгаа улсыг тус холбоонд оруулах нь боломжгүй гэж үзэж буй аж. Украин болохоор Европын Холбоонд аль болох хурдан элсэх, дайн дууссаны дараа аюулгүй байдлаа хангах чухал баталгааны нэг нь энэ гэсэн байр суурьтай байгаа юм. Украины нийгэмд унгар цөөнх гэж байгаа. Эд 80 мянган орчим тоотой юм гэдэг. Унгарын шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр төрийг өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй болгож, түүний чөлөөт байдлыг хангана хэмээн мэдэгдлээ. Хэвлэлд мэдээлж буйгаас үзвэл “Тиса” намын тэргүүнтэй Европын холбоо даруй яриа хэлэлцээ хийж, Унгар улс ч Европын холбоо болон НАТО-гийн найдвартай түнш байхаар тохиролцож байх шиг.