Японы зүүн хойд болон хойд нутагт өчигдөр 16.53 цагт газар 7.5 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас Номхон далайн эрэг орчмын мужуудад цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх түгшүүр зарлав. Газар хөдлөлтийн голомт далайн түвшнээс доош 10 километрийн гүнд бүртгэгдсэн бөгөөд чичирхийлэл нь Хоккайдо болон Иватэ мужид хамгийн хүчтэй мэдрэгдсэн байна.
Гамшгийн улмаас Иватэ болон Аомори мужид 20 орчим хүн хөнгөн гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ. Мөн Хоккайдо мужид 5000 орчим өрх цахилгаангүй болж, Тохокү чиглэлийн хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон аж. Түүнчлэн зарим бүс нутагт хөрсний гулсалт үүссэний улмаас авто зам хаагдаж, эргийн дагуух зарим жижиг боомтуудад загас агнуурын хөлөг онгоцнууд цунамигийн давлагаанд өртөн эвдэрсэн гэнэ. Засгийн газрын дэргэдэх Шуурхай штаб хохирлын бодит хэмжээг нарийвчлан тогтоохоор өдгөө ажиллаж буй юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчид эргийн оршин суугчдыг өндөрлөг газар руу нэн даруй нүүхийг зөвлөсөн бөгөөд далайн түрлэг цаашид нэмэгдэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.
У.Цэцэг