Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж, иргэнийг шархдуулсан явдал энэ сарын 17-18-нд шилжих шөнө гарчээ. Цагдаагийн 102 дугаарын утсанд тухайн шөнө “23 дугаар сургуулийн баруун талд хүмүүс орилолдож, зодолдоод байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу тус газрын I хэлтсийн машинт эргүүлийн алба хаагчид очсон аж. Энэ үед 46 настай Б, 44 настай Ч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэнэ. Эргүүлийн цагдаа нар тэдний үйлдлийг таслан зогсоохоор удаа дараа сануулж, салгасан ч хууль сахиулагчдыг эсэргүүцэн нүүрийг нь самардах, хувцсыг нь урах зэргээр халджээ. Тиймээс цагдаагийнхан нэмэлт хүч дуудаж, машинт эргүүлийн өөр хоёр алба хаагч ирсэн гэнэ.
Согтуу хүмүүс ийнхүү цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцэн халдаж, өөрсдийн үйлдлээ зогсоохгүй байсан учраас хүн нэг бүрийн тусгай хэрэгслийг арга буюу ашиглан, хуульд заасан арга хэмжээг авчээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Баатар “23 дугаар сургуулийн гадаа согтуу хүмүүс орилолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу авто эргүүлийн хоёр алба хаагч очиход дөрвөн хүн маргалдаж байсан. Улмаар гэр бүлийн харилцаатай хоёр хүн эрэгтэй нь эмэгтэйнхээ биед халдан, газар хэвтүүлэн зодож байсан. Манай алба хаагчид шаардлага тавьсан ч хүлээж авахгүй эсэргүүцсэн учир нэмэлт эргүүл дуудсан. Алба хаагчдыг нэмэлтээр очих үед мөн л шаардлагыг нь эсэргүүцэн биед нь халдсан. Нийт таван удаа анхааруулж шаардлага тавьсан ч тухайн иргэн үйлдлээ зогсоогоогүй учраас хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн сумтай буу хэрэглэсэн. Резинэн сум гуянд нь оносон учраас тухайн хэсэгт шалбарсан. Цагдаагийн алба хаагчид яаралтай тусламжийн эмч нарыг дуудаж, тусламж үзүүлсэн. Шарх аминаас нь холуур” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Цагдаагийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар гав, хүлэг, ороох цамц, хөдөлгөөн хязгаарлах бусад хэрэгсэл, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр, резин болон хуванцар сумтай буу зэрэг нь хүн нэг бүрийн тусгай хэрэгсэлд ордог. Мөн хуулийн 52 дугаар зүйлд “Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй халдлага, гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг таслан зогсоох, баривчлах, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглахаар заасан бөгөөд уг шийдвэрийг тухайн нөхцөл байдалд тохируулан цагдаагийн алба хаагч бие даан гаргана” гэж тусгасан байдаг.