Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөөх үзэл санааны түүчээ, “Ардчиллын алтан хараацай”, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн мэндэлсний 64 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан түү ний гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, АН, ИЗНН-ын гишүүд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Мөн энэ өдөр С.Зориг агсны амьдрал, үзэл санааг өгүүлэх “Үлдэх Зориг” баримтат киног олны хүртээл болголоо. 78 минутын турш үргэлжлэх эл бүтээлийг сэтгүүлч Б.Оюун чимэг найруулсан бөгөөд түүний хувь хүний мөн чанар, үзэл бодол, амьдралын замналыг түүхэн баримтуудад тулгуурлан харуулснаараа онцлог юм. Кинонд өмнө нь нийтэд дэлгээгүй ярилцлага, дурсамжуудыг багтаасан нь шинэ залуу үеийнхэнд түүнийг илүү ойроос танин мэдэх боломж олгож буй гэнэ. Түүнчлэн “Үлдэх Зориг” баримтат киногоор дамжуулан Монголын ардчиллын түүхэн үйл явц, тухайн үеийн нийгмийн уур амьсгалыг түүний хувь заяатай холбон харуулахыг зорьжээ. С.Зориг нь ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн төдийгүй тухайн үеийн нийгэмд үзэл санааны өөрчлөлт, шинэчлэлийг түүчээлэн манлайлсан Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг билээ. Тэрбээр 1964 оны дөрөвдүгээр сарын 20-нд МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлжээ. Түүний ээж, хүний их эмч П.Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монгол судлаач Андрей Симуковын охин юм. П.Доржпалам агсан бага насандаа өнчирч, монгол аав, ээжийн гар дээр өсөж хүмүүжсэн төдийгүй Монголд европ эмнэлгийг дэлгэрүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулсан нэгэн байв.
Э.Сүйлэн