Дорнын их хяруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг тавдугаар сарын 10-нд зохион байгуулахаа Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс өчигдөр мэдээллээ. Тус зөвлөл 2026 онд нутгийнхаа түүх соёл, өв уламжлал, алдартан цуутнуудын үйл хэргийг сурталчлах зорилгоор олон ажил санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн аж. Түүний нэг нь нэрт яруу найрагч Б.Явуухулангийн уран бүтээлийг алдаршуулж, өвлүүлэх, утга зохиолын хөгжлийг дэмжих, шилдэг яруу найрагчийг тодруулах, эх хэлээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг залууст таниулах явдал гэнэ. Тиймээс “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болсноо “Явуухулан” сангийн тэргүүн Э.Чинзориг мэдээллээ. Тэрбээр “Чөлөөт болон хайрын тухай сэдвийн шүлгүүдийг наадамд “уралдуулна”. Ирүүлж буй шүлгүүдийг эхний ээлжид Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн цахим хаягаар хүлээн авч, тусгайлан кодолно. Кодолсны дараа таван шүүгч уншиж, улмаар 21 яруу найрагчийг сонгох юм. Бичгээр шалгаруулсан 21 яруу найрагчаас 10-ынх нь шүлгийг дараагийн шатанд үлдээнэ. Улмаар 10 шүүгчээс сугалаагаар тодруулсан тав нь хоёрдугаар шатыг дэнсэлнэ. Гэх мэтчилэн шударга бөгөөд шинэлэг байдлаар дөрвөн үе шаттайгаар шалгаруулалт явуулна. Тэргүүн байр эзэлсэн хүнд цом, өргөмжлөл, найман сая төгрөг олгох бөгөөд нийт 18 сая төгрөгийн шагналын сантай” гэлээ.
С.Цэрэн