Манай улс жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт Мод тарих үндэсний өдрийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр мод, бут, сөөг, цэцэг тарих, тэдгээрийг арчлан хамгаалах, байгаль орчноо нөхөн сэргээх зорилгоор олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн захиалга авч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тус газрынхан энэ хавар 12 төрөл, зүйлийн 10 мянган ширхэг модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихаар бэлтгэл ажлаа хангаж буй аж. Иймд тус газар мод тарихыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагынхан захиалгаа өгч, төлбөрөө төлснөөр тухайн талбайд мод тарих боломжтой болох нь. Харин таны тарьсан модыг жилийн дөрвөн улирлын турш тус газрынхан хариуцан, усалж тордох юм.
Нийслэлийн ногоон байгууламжийн 25 хувийг дангаараа бүрдүүлдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнөх жилүүдэд мод тарьсан иргэн, байгууллагынхныг модоо арчлан, тогоог нь цэвэрлэж, усалгаа хийхийг тус газрынхан уриаллаа. Хэрэв мод тарихыг хүсвэл тухайн байгууллагын 77714646 дугаарын утсаар холбогдож, мэдээлэл авч болох нь.
Ч.Туяа