Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл жилтэй давхцуулан Ардчилсан намаас ИЗНН тийш “нүүдэл” идэвхжив. Тус намын гишүүн Я.Санжмятав, Д.Одхүү нар С.Зориг агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан ИЗНН-д элссэн байна. Я.Санжмятав 2004, 2012, 2016 онд тус тус АН-аас өрсөлдөж, Завхан аймгаас парламентын гишүүнээр сонгогдсон, Хөдөлмөрийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр тус аймгийн Засаг дарга байж, АН-ын хороог 2000-2007 онд тэргүүлсэн юм. АН-д дунд шатнаас эхлэн нарийн бичгийн даргаар нь хүртэл ажиллаж явсан туршлагатай улс төрч нь ийнхүү намынхаа хаалгыг хааж, гуравдагч хүчний, нэр хүнд нь төдийлөн сайнгүй, дотроо талцалтай ИЗНН-ыг сонгосон нь нэгийг хэлнэ. Энэ талаар ИЗНН-ын албан ёсны хуудсанд “Ардчилал, шударга ёс, ногоон хөгжлийн үнэт зүйлсийг эрхэмлэдэг улс төрийн хүчин болох Иргэний зориг ногоон намыг сонгон нэгдэж буй нь түүний улс төрийн дараагийн шатны бодлогын сонголт юм” гэжээ. ИЗНН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихүйц, хүлээн зөвшөөрөгдсөн лидер үгүй. Тус намын дарга Б.Батбаатар дотооддоо ч хүлээн зөвшөөрөгдөхгүй, эчнээ “огцорсон” хүн. Тиймээс АН-ын туршлагатай эл улс төрчийг намдаа урьж, Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшүүлж, хэн хэндээ харилцан ашигтай ажиллахаар тохирсон байхыг үгүйсгэхгүй.
Д.Одхүүгийн тухайд мөн л АН-ын туршлагатай улс төрчдийн нэг. Тэрбээр 2004 оны сонгуулиар намаасаа мандат авч чадаагүй учраас Орхон аймагт бие даан нэр дэвшээд, сонгогдсоныхоо дараа төрхөмдөө буцаж байв. Мөн 2025 оноос ИЗНН-тай “найзлах” болсон юм билээ. Б.Батбаатарыг БОУАӨ-ийн сайдаар ажилласан хугацаанд тэрбээр зөвлөхийг нь хийсэн байна. Улмаар энэ намтай холбогдсон шийдвэрээ уржигдар баталгаажуулж, ИЗННын батлах өвөртөлсөн байх нь.
С.Уул