Монголын нутгаас үүссэн хүчтэй циклон үзэгдэл уур амьсгалын нөлөөгөөр эрчимжин, хойд Хятадын өргөн уудам нутгийг хамарсан томоохон шороон шуурга үүсгэжээ. Энэ сарын дундаас нүүдэллэж эхэлсэн шар шороон шуурга цааш эрчимтэй “довтолж” Сычуань мужид хүрсэн нь бүс нутгийн хэмжээнд анхаарал татаж байна.
Хятадын цаг уурын байгууллагуудын мэдээлснээр салхины хурд эрс нэмэгдэж, хуурайшилт, хөрсний элэгдэлтэй хавсарснаар агаарт үлэмж хэмжээний тоосжилт үүсгэжээ. Шороон шуурганы улмаас зарим бүс нутагт агаарын чанар муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдан, зам тээвэр, нислэгийн хөдөлгөөнд саад учруулсан байна.
Шинжээчид энэхүү үзэгдлийг Монголын говь, хээрийн бүсэд явагдаж буй цөлжилт, хөрсний доройтолтой холбон тайлбарлаж байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээнд байгаль орчны хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцолсон аж.
Л.Ням