Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсны дотор өсвөр үеийнхний боксын тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулах байв. Энэ хүрээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Есүхэйбаатар, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад Монголын боксын өсвөр үеийн 15 тамирчин хамтарсан бэлтгэлд хамрагдахаар тус улсыг зорив.
Тэд боксын олимп, дэлхийн хошой аварга, Ази тивийн гурван удаагийн алтан медальт Баходир Джалоловын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд ес хоног эрчимжүүлсэн сургуулилалт хийж, улмаар Ташкент хотод ирэх сарын 1-15-нд зохион байгуулах өсвөр үеийнхний Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Хоёр улсын өсвөр үеийн боксын тамирчдын эхний хамтарсан бэлтгэлийг манай улсад өнгөрсөн жил Хандгайт дахь “Их тамир” цогцолборт зохион байгуулахад Узбекистанаас гурван дасгалжуулагчийн удирдлагад 14 тамирчин ирсэн. Тэрхүү хамтарсан бэлтгэл үр дүнгээ өгч, эмэгтэй тамирчдаас А.Алтанзул олон улсын хүүхдийн спортын наадмаас алт, Азийн АШТ-ээс мөнгө, “Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадамд хүрэл медаль зүүсэн. Тэгвэл М.Цэлмэг мөн олон улсын хүүхдийн спортын наадамд хүрэл, БНХАУ-д болсон олон улсын тэмцээнд түрүүлж, шилдэг тамирчнаар шалгарч байв. Хөвгүүдээс Х.Батнаран УАШТ-д тэргүүн байр эзэлж, олон улсын хүүхдийн спортын наадам болон “Бүс ба зам” тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртжээ.