Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэг 2024 оны дөрөвдүгээр сард олны анхааралд өртөж дуулиан тарьж байв. Энэ хэрэгт холбогдсон Н.Энхтөрийн хэргийг Улсын дээд шүүх хэдхэн хоногийн өмнө хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023 оны есдүгээр сард гарсан уг хэргийг цагдаагийн байгууллагынхан дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн, хэрэгт холбогдогчдыг уг дуулиан дэгдэх үед албан тушаалаас нь түдгэлзүүлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан.
Уг хэргийн нэг холбогдогч О.Элбэгсайханы үйлдлийг гурван шатны шүүх 2024 оны арваннэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэж, Эрүү гийн хуулийн тусгай ангийн 12.1-4 дэх хэсгийн “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял оноож байв. Тэгвэл 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр үлдсэн гурван хүн болох хэсгийн байцаагч, дэслэгч Н.Энхтөр, ахлагч О.Энхболд, Э.Баярцолмон нарын шүүх хурлууд тус тусдаа болжээ. Улмаар Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ. Харин Э.Баярцолмонг цагаатгасан. Чөлөөндөө гарсан цагдаагийн ажилтны хүү Н.Энхтөр нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны нэгдүгээр сард түүнийг цагаатгасан байна. Үүнийг нь хэрэгт хяналт тавьсан прокурор эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялыг хэвээр нь үлдээжээ.
Д.Дайчин