Олон улсын эх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Дэлхийн улс орнууд эл өдрийг “Our power, our planet” буюу “Бидний хүч, бидний гараг” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ өдөр хүн бүрийг байгаль дэлхийдээ ээлтэй байж, хөлийн жимээс өөр ул мөр үлдээлгүй амьдрахыг уриалахын зэрэгцээ хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эко элч нарыг алдаршуулдаг уламжлалтай. Үүний хүрээнд БОУАӨЯ, Монголын байгаль хамгаалагчдын холбоо, “Ирвэс хамгаалах сан”-гаас үндэсний хэмжээнд нийт 20 ажилтныг шилдгээр шалгаруулснаас тав нь Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч байв.
Тус сангаас ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагчдыг гурав дахь жилдээ шалгаруулж буй бөгөөд өнөө жил шилдгийн шилдгээр Улаан тайгын улсын тухай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Мягмаррагчаа тодорлоо. Тэрбээр ажиллах хугацаандаа хулгайн ан хийхээр завдсан есөн удаагийн үйлдлийг илрүүлж, галт зэвсгийг нь хураан авснаас гадна дөрвөн удаагийн хууль бус агнуурыг газар дээр нь таслан зогсоосон байна. Тухайлбал, нэн ховордсон хоёр молцог хандгайг агнаж байх үед нь саатуулж, байгаль орчинд учрах бодит хохирлоос сэргийлж чаджээ. Г.Мягмаррагчаа шагнал гардах үеэрээ “Эх дэлхийн өдрөөр ийм хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна. Энэхүү амжилт бол зөвхөн миний бус, манай хамт олны хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүн юм” хэмээн, байгаль хамгаалах үйлсэд мөр зэрэгцэн зүтгэж буй хамт олондоо талархал илэрхийлэв.
Арга хэмжээний үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блит “Эх байгалиа хайрлан хамгаалах нь та, бидний хамтын үүрэг гэдгийг энэ өдөр сануулах нь зүйтэй. Алслагдмал нутагт, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд орон нутгийн иргэдтэй мөр зэрэгцэн ажиллаж, хууль бус агнуурыг зогсоохын зэрэгцээ экосистемийн тэнцвэрийг ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн төлөө зүтгэж буй байгаль хамгаалагчдын ажил үнэлж баршгүй.
Британи улс Зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдаатай тэмцэх сангаараа дамжуулан Азийн уулархаг бүс нутгийн зэрлэг амьтдыг хамгаалах, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах төслийг тууштай дэмжиж ирсэн. Биологийн олон янз байдлыг хамгаалж, байгалийн доройтлыг зогсоох нь зөвхөн нэг улс орны бус, хүн төрөлхтний хамтын зорилго билээ. Энэхүү зорилгод хүрэх, бодит ахиц дэвшил гаргах гол түлхүүр нь төр засаг, олон улсын байгууллагууд, эрдэмтэн, судлаачид болон орон нутгийн иргэдийн итгэлцэл, хамтын ажиллагаа юм” гэлээ.
Цоохор ирвэс нь Монгол, БНХАУ, ОХУ, Афганистан, Бутан, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Балба, Пакистан, Тажикстан, Узбекстан зэрэг улсад тархан амьдардаг бөгөөд дэлхийд ховордож буй зүйлийн амьтан юм. Дээрх бүс нутгийн хэмжээнд ердөө 4000 гаруй цоохор ирвэс байдгаас хамгийн олон буюу 2500 орчим нь БНХАУ-д бий. Харин дэлхийн нийт цоохор ирвэсийн 25 хувь буюу 1000 гаруй нь манай оронд байдгийг 2020 оны судалгаагаар тогтоожээ. Ингэснээр Монгол Улс ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй юм. Монгол дахь цоохор ирвэсийн нийт тархцын талбай 103 мянган ам км бөгөөд ГовьАлтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтайгаар тархсан байдаг.
У.Сүрэн