Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс энэ оны хаврын тариалалтад баримтлах технологийн зөвлөмжийг гаргажээ. Монгол орны бүс нутгуудын 5-7 дугаар сарын цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан тариалангийн төв, зүүн, баруун бүсэд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тос, тэжээлийн ургамлын тариалалтад технологийн ерөнхий зөвлөмжийг боловсруулсан байна. Тухайлбал, тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болцоор ялгаатай 2-3 нутагшсан сорт тариалж байх нь зүйтэй гэдгийг зөвлөжээ. Ингэхдээ байгаль, цаг уурын онцлогийг харгалзан эрт, дунд, оройн болцтой сортыг тодорхой харьцаагаар тариалж, сортын бүтцээ зөв тодорхойлох нь гангийн эрсдэлийг бууруулах, тогтвортой ургац авах магадлалыг нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон юм.
Монгол орны дулааны улирлын цаг агаарын төлөвийг бүс тус бүрээр авч үзсэн нь тариалан эрхлэгчдэд хаврын тариалалтаа төлөвлөхөд чухал ач холбогдолтой. Тодруулбал, тариалангийн төв бүсийн хувьд 5-7 дугаар сард олон жилийн дунджаас дулаан, буух тунадасны хувь олон жилийн дунджийн хэмжээнд буюу 50-70 мм ба түүнээс дээш байх төлөв гарчээ. Энэ нь агаарын хэт халалтын нөлөөг зөөлрүүлэх сайн талтай гэнэ. Харин зүүн бүсэд дээр дурдсан хугацаанд буух тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага байгаагийн дээр сүүлчийн хоёр сард нь агаарын температур халахаар байна. Энэ жил зүүн бүсэд бүхэлдээ олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгаа нь тариалалтын технологид одооноос анхаарах шаардлагатайг харуулж байгааг зөвлөмжид тусгажээ. Өөрөөр хэлбэл, өнөө жил зүүн бүсэд тунадас бага, халалт ихтэй байх төлөв гарсан нь тариаланчдын сэтгэлийг зовоосон асуудал болж байна. Жишээ нь, Дорнодын Халхголд уриншилсан талбайн гүнд хөрсний чийгийн нөөц тарьсан үр соёолж цухуйхад хангалттай хэдий ч 5-7 дугаар сард буух тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага аж.
Ч.Болор