Цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эерэг харилцаа, цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой “Найз байя” үндэсний нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн судалгаагаар 13-18 насныхны 89 хувь нь цахим орчинд дээрэлхэл, гадуурхал, халдлагад өртөж байсан гэжээ. Тэгвэл ЦХИХХЯ-ны 2024 оны судалгаагаар хүүхдүүдийн 57 хувь нь цахим орчинд бие биеэ гадуурхах хандлагатай байсан бол дарамтад өртсөн хүүхдүүдийн 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй, харин эцэг, эхчүүдийнх нь 91 хувь нь эрсдэлд өртөөгүй гэж үздэг байсан гэнэ. Энэ нь асуудал ноцтой түвшинд хүрч, ойлголтын зөрүү ихссэнийг харуулж байгааг тус яамнаас мэдээллээ. Тиймээс дээрх аяныг эхлүүлж “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийг бий болгон, хүүхэд хүүхдэдээ эелдэг хандах, соёлтой, нөхөрсөг харьцааг бий болгоход анхаарч байгаа аж. Дээрх аяныг Ерөнхий сайдын ивээл дор, ЦХИХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Дэлхийн зөн Монгол” зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх нь.
С.Дулам