Дэлхийн оюутны өвлийн 33 дахь удаагийн универсиад наадам БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотод ирэх жилийн нэгдүгээр сарын 15-25-нд болно.
Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх хороо өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 26-нд “Чанчунь универсиад2027” наадмыг зохион байгуулах эрхийг олгож, тус улсын Оюутны спортын холбоо, Чанчунь хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулагч хотын гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулсан. Чанчунь, Жилин хотод зэрэг эхлэх тус наадамд тамирчид спортын 13 төрөлд оролцоно. Пара спортын төрлүүдээс гүйлтийн болон уулын цанын төрөлд өрсөлдөх аж. Чанчунь хотын тэмцээний бүсэд гүйлтийн болон уулын цана, цанын чиг баримжаа олгох төрөл, фристайл болон бүх төрлийн мөсний тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин Жилин хотод уулын цана, цанат уулын спорт, биатлон, снөүбоардын төрлийн тэмцээн явагдах аж. Чанчунь Хятадын “Цасны хот” гэдгээрээ алдартай. Өвлийн спортын олон тэмцээний ордон, цанын баазтай бөгөөд олон улс, тив, дэлхийн тэмцээн, наадам, арга хэмжээ зохион байгуулсан юм. Монголын оюутны баг биатлон, гүйлтийн цана, тэшүүр, уран гулгалт, уулын цана, фристайл, шорт трек, цанат уулын спорт, пара гүйлтийн болон пара уулын цана зэрэг 10 төрөлд оролцох боломжтой.