Австрали улсад энэ сарын 25-нд эхлэх нисэх загварын спортын жолоодлогот ДАШТ болон “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ баг, “Зуун билэг” клубийн тамирчид Перт хотыг зорьжээ. Дэлхийн агаарын спортын холбоо Францын Ландрес хотод 2028 оны долоодугаар сард жолоодлогот загварын дөрөв дэх ДАШТийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Монголын тамирчдаас өмнө нь Э.Төгөлдөр, Д.Батболд нарын бүрэлдэхүүнтэй баг Ландрес хотод 2008 онд болсон дэлхийн тэмцээнд агаарын тулалдааны F2D ангиллаар анх оролцсон нь түүх болон бичигджээ. Үүнээс хойш чөлөөт нислэгийн ДАШТ-ийг 2015 онд эх орондоо зохион байгуулахад эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин М.Гонгор түрүүлж, Б.Эрдэнэбат ахлагчтай шигшээ багийнхан мөнгөн медаль хүртэж байв. Түүнчлэн Польш Улсын Влоцлавек хотод 2022 онд болсон жолоодлогот загварын ДАШТ-д Н.Номин оролцож, уран нислэгийн F2B ангилалд мөнгөн медаль зүүсэн билээ. Улмаар АНУ-ын Манси хотод 2024 онд болоход эмэгтэйчүүдээс Н.Номин мөнгө, өсвөр үеийнхнээс Д.Буяндорж хүрэл медальтай ирж байв.