Европын холбооны гишүүн орнуудад оршин сууж буй гадаад иргэдийн тоо өнгөрсөн оны эцсийн байдлаар 64.2 сая болж, түүхэн дээд түвшинд хүрснийг Берлин дэх Шилжилт хөдөлгөөний судалгааны төв (RFBerlin)-өөс өчигдөр мэдээлэв. Энэ нь 2024 онтой харьцуулахад 2.1 саяар өссөн үзүүлэлт юм.
Европын холбооны Статистикийн алба болон НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлэлд үндэслэн гаргасан уг тайланд дурдсанаар гадаад иргэдийн тоо 2010 онд харьцангуй тогтвортой буюу 40 сая байсан бол сүүлийн 15 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгджээ. Одоогоор Герман улс 18 сая орчим цагаач хүлээн авснаар тус холбооны гишүүн орнуудыг тэргүүлсэн хэвээр байна. Тэдгээрийн 72 хувийг хөдөлмөрийн насныхан эзэлж буй нь тус улсын ажиллах хүчний хомсдолыг нөхөхөд гол хөшүүрэг болжээ. Харин Испанид гадаад иргэдийн тоо хамгийн хурдацтай буюу нэг жилийн дотор 700 мянгаар нэмэгдэж, 9.5 саяд хүрчээ. Үүнд Латин Америкийн улсуудтай тогтоосон түүхэн болон хэлний хэлхээ холбоо голлон нөлөөлсөн аж. Люксембург, Мальта, Кипр зэрэг жижиг орны хүн амд эзлэх гадаад иргэдийн хувь бусад улстай харьцуулахад өндөр байгаа бол орогнол хүсэгчдийн өргөдлийн дөрөвний гурав нь Испани, Итали, Франц, Германд ногдож буй гэнэ.
Түүнчлэн шинжээчдийн дүгнэснээр 2025 онд цагаачдын цуваа зөвхөн хөрш зэргэлдээ бүсээс бус, Ази болон Латин Америкийн орнуудаас чиглэх хандлага эрчимжжээ. Үүнд Ойрх Дорнод болон Африкийн орнуудын геополитикийн тогтворгүй байдлаас гадна уур амьсгалын өөрчлөлт голчлон нөлөөлсөн байна.
Э.Сондор