Японы зүүн хойд нутгийн Иватэ мужийн Оцүчи хотын хоёр хэсэгт ой, хээрийн томоохон түймэр дэгдсэнтэй холбогдуулан тухайн бүсэд оршин суудаг 566 өрхийн 1077 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор амь хохирсон болон бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд орон нутгийн захиргаанаас гал унтраах автомашинуудыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор ойр орчмын авто замыг хааж, хөдөлгөөнийг хязгаарлав.
Эхний түймэр Козүчи дүүрэгт уржигдар 13.50 цагийн орчимд дэгдэж, улмаар хэд хэдэн барилга байгууламж болон ойролцоох ойн бүсэд тархсан аж. Үүнээс төд удалгүй 10 орчим километрийн зайд орших Кирихири дүүргийн уулархаг бүсэд дахин түймэр дэгдсэн тул хотын захиргаанаас Өөрийгөө хамгаалах хүчинд хандаж, гал унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Түймэр гарсан бүс нутаг нь бартаа ихтэй, уулархаг нөхцөлтэйгөөс гадна салхины хурд секундэд 10-15 метрт хүрч ширүүссэн нь галыг хяналтад авахад хүндрэл учруулсаар байгаа гэнэ.