ДАШТ-ий өмнөх хамгийн том сорилго болох “Австралийн цом-2026” тэмцээнд манай хоёр тамирчин алт, хүрэл медаль хүртэж, бахархам амжилт гаргав. Тодруулбал, Дэлхийн цомын тэмцээний уран нислэгийн F2B ангиллын өсвөр үеийн төрөлд “Зуун билэг” клубийн тамирчин Б.Баясгалан тэргүүлж, АНУ-ын тамирчин Эберенз Ангстром удаалсан бол гуравдугаар байрт манай тамирчин Д.Тэмүүжин шалгарчээ.
Нисэх загварын спортын жолоодлого загварын 36 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 28 улсын тамирчин оюун ухаан, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж буй. Манай улсын шигшээ багийн ахлагчаар Д.Батпүрэв, дэд ахлагчаар Д.Баярбат ажилладаг агаад олон улсын хэмжээний мастер З.Чингис, ДАШТий хүрэл медальт Д.Буяндорж, спортын мастер Д.Дашдорж, Б.Баясгалан, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Н.Номин нар багтдаг билээ.
Дэлхийн цомын тэмцээний уран нислэгийн F2B ангиллын тэмцээн нийт гурван үе үргэлжилж, аваргаа шалгаруулсан бол өчигдөр ДАШТ эхэлсэн. Уран нислэгийн F2B ангилалд Монгол Улсын шигшээ багийн таван тамирчин оролцож байна.
Ч.Болор