Хиймэл оюунд суурилсан систем Унгарын нэрт математикч Паул Эрдөшийн дэвшүүлсэн таамаглалд шинэ шийдэл санал болгов. Тодруулбал, 23 настай судлаач Лиам Прайс 60 жилийн турш шийдэгдээгүй байсан энэхүү онолын таамаглалын талаарх өгөгдлийг хиймэл оюуны GPT-5.4 загварт оруулж, гарсан хариултад нь тулгуурлан боломжит шийдлийг боловсруулсан аж.
Тэрбээр энэхүү ажлынхаа үр дүнг Эрдөшийн нээлттэй бодлогуудыг цуглуулдаг erdosproblems.com цахим хуудсанд нийтэлжээ.
Математикийн салбарт аливаа таамаглал “шийдэгдсэн” гэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд олон улсын эрдэмтдийн нягт нарийн шалгалт, шүүмжлэл (peer review)-ийг давж, эцэст нь шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэх шаардлагатай байдаг. Иймээс нотолгооны энэшинэ чиглэл нь хиймэл оюуны тусламжтайгаар гаргасан боломжит шийдлийн нэг мөн боловч эцсийн дүгнэлт хараахан хийгээгүй байна.
Эрдөш нь XX зууны хамгийн нөлөө бүхий математикчдын нэг бөгөөд түүний дэвшүүлсэн олон зуун таамаглал өнөө хэр нь дэлхийн математикчдын анхаарлыг татсан хэвээр байдаг. Тэдгээрээс зарим нь хэдэн арван жилийн турш шийдэгдэлгүй үлдсэн “нээлттэй асуудал” хэмээн тооцогддог юм.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун шинжлэх ухааны судалгаанд, ялангуяа математикийн төвөгтэй бодлого, онолын судалгаанд дэмжлэг үзүүлэх шинэ хэрэгсэл болж буйг судлаачид онцлов. Гэхдээ ийм төрлийн “нээлтүүд”-ийг баталгаажуулах үйл явц уламжлалт шинжлэх ухааны хатуу шалгуурыг заавал дагах ёстой хэвээр байгаа юм.
Л.Ням