Манай орны зүүн бүс нутагт сүүлийн 60 гаруй жилийн турш үзэгдээгүй хулангийн сүрэг эргэн ирж, популяц нь тогтвортой сэргэж эхэлснийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ээс мэдээллээ. Байгаль хамгааллын олон улсын “Oryx” сэтгүүлийн энэ сарын дугаарт онцолсноор хойд хилээс урд хил хүртэлх босоо тэнхлэгийн төмөр замын зүүн хагаст хулангийн хэд хэдэн сүрэг тогтмол нутагших болсон байна. Өмнө нь хулангийн тархац нутаг Баруун Монголын говиос Дорнод Монголын тал хүртэл өргөн уудам нутгийг хамардаг байж. Гэвч ХХзууны дундуур Транс-Монголын төмөр замыг барьснаар нүүдэллэн амьдрагч амьтдын хөдөлгөөн хумигдаж, улмаар зүүн хэсэгт үзэгдэхээ больсон түүхтэй.
Монгол Улсын Засгийн газар болон WCS байгууллага энэхүү экологийн сорилтыг арилгах хамтын ажиллагааны шийдлүүд боловсруулсныүр дүнд өнгөрсөн оны тавдугаар сард Монгол, БНХАУ-ын хилийн орчимд зэрлэг амьтдыг аюулгүй нэвтрүүлэх төмөр замын хашаагүй бүс байгуулсан юм. Үүний ачаар хулангийн сүрэг төмөр замыг аюулгүй даван нүүдэллэх боломж бүрдэж, зүүн бүс нутагт сүрэглэн амьдарч эхэлснийг судалгаагаар тогтоожээ. Одоогоор дэлхийн нийт хулангийн 84 хувь буюу 91 мянга гаруй бодгалиас бүрдэх хамгийн том популяц Монголын говьд нутагшиж байгаа юм. Хэдийгээр хулангийн тархац нутаг тэлж буй ч амьдрах орчин нь хумигдаж, мал хэт олширч, хууль бус агнуур болон уур амьсгал өөрчлөгдөж буй нь популяцад аюул учруулсаар байгааг судлаачид анхаарууллаа.