Монгол хэл бичгийн шалгалтыг улсын хэмжээнд өнгөрсөн сарын 9, 10-нд зохион байгуулав. Боловсролын үнэлгээний төвийн өгсөн мэдээллээр монгол хэл бичгийн шалгалтад 10-12 дугаар ангийн 89 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 88 мянга орчим нь хамрагдсан байна. Үүнээс 13 хувь нь босго оноо буюу 400 оноог даваагүй бүдэрсэн аж. Гэхдээ энэ нь урьдчилсан байдлаар гаргасан дүн бөгөөд шалгалттай холбоотой шалгуулагчдын өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүрэн шийдвэрлэсний дараа албан ёсны мэдээлэл өгөх гэнэ. Монгол хэл бичгийн шалгалтыг гараар засдаг учир дүн, оноотой санал нийлэхгүй байгаа шалгуулагчдын өргөдөл, гомдлыг энэ сарын 8 хүртэл “Идэр” их сургуулийн В1 давхарт хүлээн авах гэнэ. Гэхдээ зөвхөн XII ангийнхны өргөдөл, гомдлыг хүлээн авах аж. Учир нь эл шалгалт төгсөх ангийн хүүхдүүдийн хувьд их сургуульд суралцах эхлэл болдог. Өөрөөр хэлбэл, монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй бол энэ жилдээ их сургуульд элсэх боломжгүй. Түүнээс элсэлтийн шалгалтад орох эрх нь нээлттэй юм. Элсэлтийн шалгалтын оноогоороо дараа жил нь их сургуульд элсэж болно.
Ч.Цэлмэг