Монголын хэвлэл мэдээллийн салбарт англи хэлээрх, чөлөөт сэтгүүлзүйн орон зайг анхлан нээж, дотоодод болж буй үйл явдлыг дэлхий нийтэд таниулах эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлж ирсэн “UB post” сонины 30 жилийн ойн өдөр тохиож байна.
Нэрт сэтгүүлч, соён гэгээрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны санаачилгаар 1996 оны тавдугаар сарын 6-нд дөрвөн хуудастай бэсрэг хэвлэл болон мэндэлж байсан тус сонин өдгөө найман нүүрээр, гурван удаа хэвлэгдэж, 3000 гаруй дугаараа уншигчдадаа хүргээд буй юм. Хэвлэмэл хувилбараас гадна өөрсдийн онлайн болон “Pressreader” платформоор дамжуулан АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон тэргүүтэй 40 гаруй орны уншигчдад хүрч байгаа нь хил хязгааргүйгээр мэдээлэл түгээх технологийн эринтэй хөл нийлүүлэн алхаж буйн жишээ юм. Мөн нийгэм, эдийн засаг, улс төр, байгаль орчин, урлагийн мэдээллээр дамжуулан оюутан, залуусын англи хэлний боловсролд хувь нэмрээ оруулсаар ирснийг онцлох нь зүйтэй. Мэргэжлийн зарчим, ёс зүйг дээдлэн, баримт нотолгоотой мэдээллийг уншигчдаа хүргэх үүргээ биелүүлж, гурван арваны түүхийг бичиж буй “UB post” сонины үе үеийн хамт олон, уншигчдадаа 30 жилийн ойн мэнд дэвшүүлье.