Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын VI сургуульд говийн байгаль, экосистемийг хүүхэд, залуучуудад таниулах зорилгоор экологи, танин мэдэхүйн танхимыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр сурагчид говийн бус нутгийн байгаль орчин, экосистемийн онцлогийг гүнзгий судалж, танин мэдэх боломж бүрдсэн гэнэ. Тус танхимд говийн амьтан, ургамал, уур амьсгалын онцлог болон байгаль хамгааллын ач холбогдлыг харуулсан үзүүлэн, мэдээллийн самбар, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг байрлуулсан байна.
Тухайн сургуулийн сургалтын менежер П.Будханд “Манай сургууль байгалийн ухааны төрөлжсөн сургалттай болох зорилт тавьсан. Үүний хүрээнд говийн байгалийг таниулах танхим байгуулж, сурагчдад байгаль орчноо танин мэдэх, хайрлан хамгаалах, зөв хандлага, төлөвшил олгохоор зорьж байна. Танхимыг хими, биологи, газар зүйн хичээлд ашиглах боломжтой. Мөн бид бага ангийнхандаа зориулан байгалийн ухааны кабинет байгуулсан” гэв.
Газар зүйн багш Б.Бадамцэцэг “Өмнөговь аймаг экосистемийн хувьд өвөрмөц тогтоцтой бүс нутаг. Биологийн олон янз байдлыг таниулах танхимаас гадна манай сургууль цаг уурын бичил станцтай болсон.Сурагчид газар зүйн хичээлийн онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, хэмжих, температурын хэлбэлзлийн график байгуулах, дүн шинжилгээ, улмаар уур амьсгалын өөрч лөлтийн явцыг судлах зэргээр туршилт хийдэг” гэв.
Ташрамд, эл танхимыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүү жилтээр 2024-2028 онд хэрэгжүүлж буй “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд байгуулжээ.
Ч.Болор