Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын хүрээнд “Агро сити” эдийн засгийн тусгай бүсийн дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ. Төслийн хүрээнд цахилгаан, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээ болон газар зохион байгуулалтын цогц төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх гэнэ. Цахилгаан хангамжийн шийдлийн хүрээнд нийт 25.5 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам татах, шинээр гурван дэд станц төлөвлөх, мөн одоо байгаа дэд станцуудын хүчин чадлыг 2х16 МВт болгон өргөтгөх төлөвлөгөө танилцуулав.
Мөн бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах зорилгоор шинэчлэл, өргөтгөлийн ажлуудыг үе шаттай хийх аж. Дулаан хангамжийн хүрээнд биомасс, байгалийн хий, дулааны насос хосолсон шийдэл бүхий дулааны станцуудыг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд халаалт, хөргөлт, ус хангамж, автоматжуулалтын ухаалаг системүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь эрчим хүчний үр ашиг нэмэгдүүлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм. “Агро сити” төслийн нийт газар ашиглалтын төлөвлөлтөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, агуулахложистик, хүнсний үйлдвэрлэл, орон сууц, ногоон байгууламжийн бүсийг цогцоор нь уялдуулан хөгжүүлэхээр тусгасан байна.
Тухайлбал, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл болон хүнсний хангамжийн дэд бүтцийг нэгтгэсэн “агро-индустри” төв бий болгохоор төлөвлөжээ. Үүний хүрээнд нийт 1000 гаруй төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үйлдвэрлэл, орон сууц, нийгмийн дэд бүтэц болон үйлчилгээний чиглэлийн төслүүд багтаж байна. “Агро сити” нь Улаанбаатар хотын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, экспортын чадавхыг өсгөх, орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх стратегийн ач холбогдолтой бүс нутаг болохоор төлөвлөж байна. Төслийг хэрэгжүүлснээр хотын төвлөрлийг сааруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэл-ложистикийн ухаалаг сүлжээ бий болгох нөхцөл бүрдэх юм.
Г.Сансар