Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах, Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Гандантэгчинлэн хийд орчмын бүсийг цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлснээр хотын төвд иргэд амарч, алхах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг төсөл санаачлан, өргөн барьсан төлөөлөгчид онцолсон юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналын дагуу “Улаанбаатар хотын дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг мөн хуралдаанд танилцуулллаа. “Улаанбаатар хотын дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулахад нийт дөрвөн га газар шаардлагатай байгаа бөгөөд өдөрт 500-650, жилд 180-240 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай зургаан блок бүхий цогцолбор байгууламж барихаар төлөвлөжээ. Тухайн цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор кофе шоп, хоолны газар, үзвэр, үйлчилгээ зэрэг түрээсний үйлчилгээгээр орлогоо бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 20 мянган ам метр талбайд мод, бут, ургамал тарьж, жилд ойролцоогоор 10.3 тонн нүүрстөрөгчийг шингээх боломжтой ба энэ нь хотын агаарын чанарыг сайжруулж, PM2.5 бохирдлыг 15-18 хувиар бууруулна гэж үзжээ.