Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өчигдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцуулав. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо. Нэгдүгээр орлогч нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллах юм. Г.Жаргалсайхан нь 2020-2026 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж байв.
Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо. Мөн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар Л.Ану-Үжинг томилжээ. Түүнчлэн “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай” төслийг Т.Мөнхдалай хариуцах гэнэ. Ташрамд, Т.Мөнхдалай нь нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайгийн төрсөн дүү юм.
Ч.Туяа