Цаг уур, орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сард тохиосон уур амьсгалын өөрчлөлтийн тоймыг өчигдөр танилцууллаа. Хаврын улиралд цаг агаар тогтворгүй байдагтай холбоотойгоор агаарын температур хэлбэлздэг. Манай орны өнгөрсөн сарын агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон гол, нуурын сав газраар 0 хэмээс хүйтэн, говь-цөлийн бүс нутгаар +6-12, бусад нутгаар 0-5 хэм байжээ. Эл сард хур тунадас бага унадаг бөгөөд ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны гурван хувьтай тэнцдэг аж. Булган, Хөвсгөлийн зүүн хойд хэсгээр 10-17, Ховд, Говь-Алтай болон нутгийн өмнөд хэсгээр 0.2-4.9, бусад нутгаар 5-10 мм тунадас оржээ.
Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1.6 хэмээр дулаан байсан гэнэ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож буй 10 дахь дулаан сар болж өнгөрлөө. Монгол орны хэмжээнд дунджаар 5.8 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас 10.8 хувиар бага, 1940 оноос хойш тохиолдсон хур тунадас муутай 38 дахь сар тохиожээ. Хур тунадасны хэмжээ нийт нутгийн 59.7 хувьд олон жилийн дунджаас бага, 34.1 хувьд ахиу, 6.2 хувьд дунджийн орчим байсан аж.
Энэ сард агаарын температур хамгийн дулаан нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумд 29, хамгийн хүйтэн нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт 17.7 хэмд хүрчээ. Тэгвэл хөрсний температур Ховдын Булганд +54, үнэмлэхүй бага утга Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд -21°С хүрч хүйтэрсэн байна.
М.Гэгээ