Дорнын их яруу найрагч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам уржигдар болж, шилдгүүдээ тодруулав. Наадмын тэргүүн байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, яруу найрагч Т.Пүрэвжаргал шалгарсан бол Соёлын гавьяат зүтгэлтэн П.Нямлхагва удааллаа. Харин гуравдугаар байрт яруу найрагч С.Батзориг шалгарсан юм.
Тэргүүн байрын шагналт Т.Пүрэвжаргал энэ үеэр “Миний хувьд “Үлэмжийн сайхан” хэмээх цэнгүүнээ толилуулахаар бэлтгэлээ базааж байхдаа эл наадмын зарыг сонсож, хоёр шүлгээ явуулаад, аян замд гарсан юм. Хоёрдугаар шатанд тэнцсэнээ мэдээд ихэд урамшсан. “Хүлэг минь, шүлэг минь, чи бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй байна” хэмээсэн аугаа найрагчийн нэрэмжит наадамд түрүүлсэндээ туйлын баяртай байна. Уран үгийн ертөнцөд сэтгэл зүрхээ зориулж яваа бүх найрагчдаа халуун баяр хүргэе” хэмээв.
“Мөнгөн хазаарын чимээ” наадмын эхний шатанд 326 бүтээл ирснээс утга агуулга, уран чадвараараа тунаж үлдсэн шилдэг 26 найрагчийг дараагийн үед өрсөлдүүлсэн аж. Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн санаа чилгаар “Явуухулан сан”, “Мөнх огторгуйн чимэг” төвтэй хамтран зохион байгуулсан тус наадам нь эх хэлнийхээ өвийг дэлгэрүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Энэ жилийн наадамд Соёлын гавьяат зүтгэлтэн хоёр, зургаан “Болор цом”-ын эзэн найрагч оролцсон байна.
Э.Сондор